БАЯН-ӨЛГИЙ: Сурагчдын хөгжил, оролцоог дэмжих сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулиудын “Сэтгүүлч” клубийн сурагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 15-нд 3 дугаар сургуулийн “Арай” клубт зохион байгууллаа.
Тус сургалтыг сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоо, манлайллыг дэмжих зорилготой “Ганцаараа биш. Сонсъё, дэмжье, хамгаалъя” төслийн хүрээнд явуулжээ.
Сургалтыг Өлгий сумын ЗДТГ, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Зориг сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтран зохион байгуулж, ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон аймгийн олон нийтийн радиогийн сэтгүүлчид сурагчдад мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр сурагчдын дунд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдал, байгаль орчныг хамгаалах ажилд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, манлайлал ба оролцоо, сэтгүүл зүйн суурь мэдлэг олгох зэрэг сэдвээр мэдээлэл хүргэж, харилцан ярилцжээ. Мөн сургалтын дараа оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцон цаашдын төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
Энэхүү сургалтаар сурагчид үе тэнгийн дээрэлхэлтийн талаар зөв ойлголттой болж, урьдчилан сэргийлэх хандлага төлөвшүүлэх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сэдэл нэмэгдэх, манлайлал болон багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, сэтгүүл зүйн суурь мэдлэгээ нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрэх юм.
Цаашид ижил төрлийн сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сурагчдын оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа Өлгий сумын ЗДТГ-ын дарга С.Жадыра мэдээлэв.




