БАЯН-ӨЛГИЙ: Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр 2025 онд 596 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 31 хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдсон байна. Харин 2026 оны эхний улирлын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 9 гэмт хэрэг бүртгэгджээ.
Зөрчлийн хувьд 2025 онд 107 хүүхэд янз бүрийн зөрчилд холбогдон шалгагдсан бол энэ оны эхний улирлын байдлаар 37 хүүхэд шалгагджээ. Эдгээрийн дийлэнх хувийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эзэлж байна.
Мөн шөнийн цагаар залуус авто машин жолоодох, замын хөдөлгөөнд
оролцохдоо бусдын амар тайван байдлыг алдагдуулах, дрифт хийх зэрэг зөрчил
нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хууль, дүрмийг мөрдүүлэхэд
онцгой анхаарах шаардлагатай байгааг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн иргэдийг замын хөдөлгөөний дүрмийг сахиж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн оролцохыг уриалав.