БАЯН-ӨЛГИЙ: Олимпиадад 1500 сурагч мэдлэг, чадвараа сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-17 17:37:47

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Фэст академи” сургалтын байгууллагаас жилд 2 удаа зохион байгуулдаг стандарт олимпиадыг 6 дахь удаагаа Баян-Өлгий аймгаас төрөн гарсан математикийн нэрт багш, МУБТА, Казахстан улсын гавьяат багш Тердикбайн Күшайн нэрэмжит болгон зохион байгууллаа.


Тус академи нь намар, хаврын улиралд жилд хоёр удаа стандарт математикийн олимпиад зохион байгуулдаг бөгөөд тэмцээнийг нэрт математикчдын нэрэмжит болгон явуулж байна. Энэ уламжлал тогтсоноос хойш гурав дахь жилдээ үргэлжилж буй бөгөөд энэ удаагийн олимпиад Баян-Өлгий аймгаас төрөн гарсан математикийн нэрт багш, МУБТА, Казахстан улсын гавьяат багш Тердикбайн Күшайн нэрэмжит боллоо.

 

Олимпиадад 3-12 дугаар ангийн 1500 сурагч оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

 

Тэмцээний дүнгээр оролцогчдын 20 хувь нь шагнал, урамшуулал хүртсэн бөгөөд Бастама, Эмпати, Дарын сургуулиуд, мөн Ховд аймгийн сургуулиуд болон Улаанхус, Ногооннуур, Сагсай сумын сурагчид өндөр амжилт үзүүлжээ.


Зохион байгуулагчид энэхүү олимпиад нь сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, бүс нутгийн боловсролын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлов. Цаашид "Фэст академи" нь ийм төрлийн боловсрол дэмжсэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байна.


Тердикбайн Күшай нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул бөгөөд 1978 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр дүүргээд 2001 онд Математикийн магистрын зэрэг хамгаалжээ. 1978 оноос эхлэн боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа бөгөөд 1984-1990 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум хичээлийн эрхлэгч, захирал, 1990-1997 онд Өлгий сумын 4 дүгээр сургуулийн захирал, 2005 онд Дарын сургуулийг үүсгэн байгуулж, 1999-2007: Аймгийн Боловсролын хэлтсийн болон, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 оноос Казахстан улсын Астана хотод шилжин суурьшиж “Зерде” сургуульд математикийн багшаар өнөөг хүртэл ажиллаж байгаа.

Тэрбээр, 1996 онд Улсын математикийн багш нарын олимпиадаас хүрэл медаль, олон удаа аймгийн олимпиадын тэргүүн байранд шалгарч, 2001 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2018 онд Казахстан улсын “Шилдэг багш”-аар шалгарч, 2021 онд Астана хотын хүндэт багш, 2022 онд Казахстан улсын Боловсролын хүндэт ажилтан цолоор, 2024 онд Казахстаны Ерөнхийлөгч Касымжомарт Токаевийн зарлигаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гавьяат багш цолыг тус тус хүртсэн боловсролын салбарын шилдэг багш сурган хүмүүжүүлэгчдийн нэг юм.







Related news