БАЯН-ӨЛГИЙ: Байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс “Алтай таван богд өв хамгаалах сан” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Алтай Таван Богд тусгай хамгаалалттай бүс нутаг болон Потанины мөсөн голын сав газрын хүрээнд байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, соёлын өвийн хадгалалт, орон нутгийн тогтвортой хөгжил, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, мөсөн голын динамик, экосистемийн өөрчлөлтийн судалгаа, мониторинг хийх, байгалийн болон түүх, соёлын өвийг баримтжуулах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, боловсрол, олон нийтэд зориулсан мэдээлэл, контент боловсруулах, байгальд ээлтэй, тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх юм.
Мөн орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгох, бизнес, үйлчилгээний чадавхыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрийг уялдуулах, хамтарсан санаачилга хэрэгжүүлэх, мэргэжилтэн, судлаач болон орон нутгийн залуучуудын чадавхыг бэхжүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах зэрэг асуудлууд багтаж байна.
Энэхүү үйл ажиллагааны талаар аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, соёлын өвийн алдагдал эрчимжиж байгаа нь орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнтэй уялдуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрийг хангасан бодлого хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд байгаль, соёлд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэдэд шууд өгөөж хүртээдэг эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь оновчтой” хэмээн онцлов.
Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, соёлын өвийн хадгалалт болон орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
