БАЯН-ӨЛГИЙ: Нэг уяачийн хоёр морь түрүүлж, даага нь айрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-12 23:14:02

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгаж элдэв маргаангүй боллоо. Торгон жолоогоо өргүүлж, түмэн олноо баясгасан шандаст хурдан хүлгүүдийн бай шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа.


Морин уралдаанд тус аймгийн Дэлүүн сумын харьяат сумын алдарт уяач Х.Ерхулааны уясан морьд соёолон, хязаалан насанд түрүүлсэн бол халтар даага нь айрагдсан нь энэ наадмын онцлог үйл явдлын нэг байлаа.

 

Азарганы уралдаанд 27 шандаст хүлэг тоосоо өргөснөөс түрүү магнайд Баян-Өлгий аймгийн Толбо сумын алдарт уяач А.Хумарбекийн бор, аман хүзүүнд Увс аймгийн Өмнөговь сумын "Аймгийн алдарт уяач" Н.Мөнбаярын хээр, айргийн гуравт Баян-Өлгий Улаанхус сумын "Аймгийн алдарт уяач" Б.Сапарын хүрэн, айргийн дөрөвт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын "Аймгийн алдарт уяач" П.Нямдоржийн хүрэн, айргийн тавд Өлгий сумын уяач М.Тилеубекийн хээр азарга хурдаллаа.

 

Их насны морьдын уралдаанд 55 хурдан хүлэг уралдсанаас түрүү магнайд Баян-Өлгий аймгийн Толбо сумын уяач Х.Серикийн ягаан, аман хүзүүнд Баян-Өлгий аймгийн Толбо сумын уяач М.Динисламын хул халзан, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын алдарт уяач Ц.Гэрэлт-Одын хүрэн халзан, айргийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын "Аймгийн алдарт уяач" Б.Сапарын заан цавьдар, айргийн тавд Увс аймгийн Наранбулаг сумын алдарт уяач Б.Соронзонболдын хүрэн давхилаа.

 

Соёолон насны морьдын уралдаанд 28 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Дэлүүн сумын алдарт уяач Х.Ерхулааны залаат халзан үрээ түрүү магнайд хурдалж, Баяннуур сумын "Аймгийн алдарт уяач" Ө.Жанибекийн хээр үрээ аман хүзүүдллээ. Айргийн гуравт Буянт сумын алдарт уяач Н.Бахытын хээр, айргийн дөрөвт Сагсай сумын "Аймгийн алдарт уяач" А.Ерболатын хээр, айргийн тавд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын САУ Т.Амарсайханы хүрэн халзан хурдаллаа.

 

Хязаалан насны морьдын уралдаанд түрүү магнайд Дэлүүн сумын алдарт уяач Х.Ерхулааны хүрэн халзан, аман хүзүүнд "Аймгийн алдарт уяач" Ногооннуур сумын алдарт уяач М.Жанарбекийн сартай хээр, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын алдарт уяач Н.Пүрэвчирын шар, айргийн дөрөвт Булган сумын уяач Т.Сабитийн сартай хээр, айргийн тавд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын алдарт уяач Н.Батнямын хүрэн халзан хурдаллаа хэмээн наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

 

Харин шүдлэнгийн уралдаанд 32 шүдлэн уралдсанаас Улаанхус сумын алдарт уяач А.Заманбекийн сартай хонгор түрүүлж, Баяннуур сумын алдарт уяач Ш.Серикийн шарга аман хүзүүдэж, айргийн гуравт Булган сумын алдарт уяач Н.Булганханы Өлгий хээр, айргийн дөрөвт Ногооннуур сумын "Аймгийн алдарт уяач" К.Асылбекийн халтар, айргийн тавд К.Саяжаны сартай хээр хурдаллаа.

 

Дааганы уралдаанд Ногооннуур сумын "Аймгийн алдарт уяач" К.Асылбекийн зоос бор даага түрүүлж, аман хүзүүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уяач С.Нямбаярын хул хонгор даага, айргийн гуравт Дэлүүн сумын алдарт уяач Х.Ерхулааны халтар даага, айргийн дөрөвт Толбо сумын уяач М.Динисламын сартай цавьдар даага давхисан бол айргийн тавд Улаанхус сумын "Аймгийн алдарт уяач" Б.Сапарын хүрэн даага хурдаллаа.


Related news