БАЯН-ӨЛГИЙ: Эмнэлэгт номын булан нээж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар-Хөнгөвчлөх эмчилгээний тасагт удаан хугацаагаар эмчлүүлж байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Кари овогтой Ханат агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь тус тасагт номын булан нээж, тохижуулан өглөө.
Энэ талаар К.Ханат агсны
охин Х.Раушанаас тодруулахад, “Тухайн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн
асран хамгаалагч нар болон тасгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын чөлөөт цагаараа ном унших нөхцөл
бололцоог хангаж өгч байна. Өвчтэй хүмүүс номоос мэдлэг,
мэдээлэл олж авахаас гадна өвчнөө түр ч гэсэн умартаж, номд сатаарч, мөн сайн
нойрсоход нь тус дэм болоосой гэсэн үүднээс энэхүү буланг өөрсдийн хөрөнгөөр
тохижуулж өглөө” хэмээв.
Номын буланд 100-гаад ном тавьсан бөгөөд ихэнх нь
хүмүүст эерэг хандлага түгээх, сайн сайхан зүйлд тэмүүлэх сэдэл өгөх сэдэвтэй
шинэ номууд байгаа юм.
Цаашид энэхүү туршлагын жишгээр улсын хэмжээний эмнэлгүүдэд ийм номын булангууд нээвэл өвчтөнүүд болон эмч, эмнэлгийн ажилтнуудын хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн тус болох байх хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Н.Ержан номын булангийн нээлтэд хэлсэн үгэндээ дурдлаа.
Related news



