Архив бичиг хэргийн ажилчдын урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:26:51

Цэцэрлэг хотноо нутгийн захиргааны ордны “Ногоон танхим”-д Архангай аймгийн З.Д.Т.Г, Хууль зүйн хэлтэс, архивын тасгаас хөдөө сумдынхаа ЗДТГ-ын болон Цэцэрлэг хотын зарим төсөвт байгууллагын архив бичиг хэргийн эрхлэгчдийн сургалтыг явуулангаа тэдний ажлыг дүгнэж, сайныг нь урамшууллаа.

Цугларалтын нээлтэн дээр “Өнгөрсөн намрын аймаг даяар явагдсан архивын Улсын үзлэгээр ажил нэлээд цэгцэрсэн” гэж ЗДТГ-н дарга Б.Лхагвасүрэн дүгнэж хэлээд, Монголын инженерүүдийн бие дааж бүтээсэн автоматжуулсан “Е”-оффис бий болж хөдөөгийн амьдралд нэвтэрч байгааг талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ.
Бүх бичиг хэргийн эрхлэгчид сүлжээгээрээ шууд харилцдаг болсноор заримдаа албан тоот аваагүй гэдэг яриаг цэгцэлж, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой технологийн дэвшил гарч байгаа юм байна.
Энэ оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар аймгийн ЗДТГ-аас сумдад илгээсэн хугацаатай албан тоотын 60 хувь нь зохих хугацаандаа хариу ирээгүй аж.  Тэгвэл энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр ЗДТГ-ын дотоод систем хөгжиж ажил цалгардах нь үгүй болох юм байх. Гэхдээ интернэт сүлжээнд холбогдсон гээд цаас орхигдохгүй бөгөөд түүгээр баримтжуулан хадгалах юм байна.
“2016 оноос цахимаар хэрэглэгдэхүүнийг архивт хүлээж авна” –гэж архивын тасгийн эрхлэгч Т.Гантуяа хэллээ.
Улсын үндэсний архивын үзлэгт хамрагдсан 19 сумаас Хашаат, Өгийнуур, Тариат, Цахир зэргээр 7сум хангалтгүй дүн үзүүлжээ.
Тэдэнд хариуцлага тооцож арга хэмжээ авч байна. “Зарим нь ажил цалгардуулчихаад арга хэмжээ авахаар улс төржүүлэн гоншигнодог” –гэж төрийн албаны аймгийн хамгийн том албан тушаалтан ярьлаа.
Архивчдын баярын өдрийг тохиолдуулан Хууль зүйн яамны жуух бичгээр аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бичээч Ш.Мөнхтөрийг, аймгийн Засаг даргын жуух бичгээр ШШГ албаны болон Биеийн тамир спортын хорооны бичиг хэргийн эрхлэгч Н.Солонго, Б.Мөнгөнцэцэг хоёрыг, ЗДТГ-ын хүндэт өргөмжлөлөөр Өндөр-Улаан, Батцэнгэл, Хангай сумын ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгч Г.Золжаргал, М.Баяндэлгэр, Л.Жүгдэрнамжил нарыг шагналаа. Тэр болгон олгогддоггүй бичиг цаасны нарийн чимхлүүр хүнд албыг хэл ам татлалгүй хашиж яваа архивчид ийнхүү номын дуу сонсонгоо ажлаа үнэлүүллээ.

Архангай аймаг. Л.Булган   

 

Related news