“Эрүүл шүд” аяны хүрээнд 10 мянга гаруй хүүхдэд үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-10 19:10:24
Дорноговь /МОНЦАМЭ/.Хүн амын шүдний өвчлөлийг бууруулах, өсвөр үеийнхнийг шүдний өвчнөөс сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Өрхийн болон сумдын эмнэлгүүд хамтран “Эрүүл шүд” аяныг хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2017-2021 онд хэрэгжүүлж буй уг аяны үйл явцын талаар  есдүгээр сарын 07-нд зохион байгуулсан “Нээлттэй хаалга”-ны өдрөөр албаныхан танилцуулав. Аян хэрэгжсэнээр аймгийн хэмжээнд нийт 23 байгууллагын 10002 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж I, XII дугаар цэцэрлэгийн таван бүлгийн хүүхдүүдийн шүдийг бүрэн эмчилжээ.
Мөн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд нарийн мэргэжлийн шүдний хоёр эмч, сувилагч явуулын үзлэг хийж, нийт 1288 хүнийг хамруулахад 21 хувь нь цэцэрлэгийн насны хүүхэд, 66.8 хувь нь сургуулийн насны хүүхэд, 11.6 хувийг насанд хүрэгчид эзэлж буй нь өвчлөл өмнөх оны мөн үеийнхээс цэцэрлэгийн насны хүүхэд  таван хувь, сургуулийн насны хүүхэд 16.7 хувиар тус тус өссөн аж.
Шүдний өвчтэй нийт 753 хүнийг илрүүлж 56.7 хувийг нь эмчилж, 26.4 хувийг бүрэн эрүүлжүүлсэн тухай албаныхан тодотгов. Цаашид хүүхдийнхээ шүдийг зөв угаалгаж, эрүүл байлгахад нь эцэг эхчүүд  анхаарлаа хандуулахыг мэргэжлийн  байгууллагаас уриаллаа.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ