"Хууль сурталчлах өдөрлөг" зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-05 20:53:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс  "Хууль сурталчлах өдөрлөг"-ийг өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайн тайлбарласнаар, уг арга хэмжээ нь  УИХ, Засгийн газраас шинээр баталсан хууль тогтоомжуудыг ард иргэдэд сурталчлах, санал хүсэлтийг нь сонсох зорилготой бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 30 гаруй хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг, төрийн бус байгууллага оролцлоо. Мөн Монголын Хуульчдын Холбооны салбар зөвлөлөөс иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч үйлчиллээ.

Аймгийн Онцгой байдлын газраас өнгөрсөн долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдэж, эд хөрөнгийн хохирол амссан иргэдэд акт тогтоох, Статистикийн хэлтсээс хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг баталгаажуулах, Эрүүл мэндийн газраас гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага тараах, Хүнс, хөдөө аж ахуйн газраас Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг газар дээр нь зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцсон юм. Тэрбээр төрийн алба хаагч нарт хандан иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, сахилга, дэг журмыг сайжруулан санаачлагатай ажиллахыг уриаллаа.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас "Хууль сурталчлах өдөрлөг"-ийг 2016 оноос зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явуулах ажээ.







Ө.Нурболат

Холбоотой мэдээ