Баян-Өлгийд хадлан, тэжээл бэлтгэх ажил 70 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-03 16:15:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг нь энэ жил малчдын түвшинд 62,8 мянган тонн хадлан авахаар төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 43,8 мянган тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөө 69,8 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Хөдөө сумдаас Цэнгэл сум л төлөвлөгөөгөө 16,7 хувиар давуулан биелүүлж, 7700 тонн өвс бэлтгэжээ. Харин бусад сумдын хувьд хадлан бэлтгэж ажил төлөвлөсөн түвшинд хараахан хүрээгүй аж.

"Хадлан, тэжээл бэлтгэх төлөвлөгөө малчдын түвшинд бүрэн биелэгдэнэ гэж бодож байна. Хадлан нь тааруу болон огт өвс бэлтгэж чадаагүй малчид өөр газраас хадлан авч байгаа. Түүнчлэн сумдын аюулгүйн нөөцөд 680 тонн өвс, 492 тонн тэжээл бэлтгэх ёстой. Ихэнх сумд уг ажилд зориулан өнгөрсөн жил орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгаж, сумынхаа ИТХ-аар батлуулсан. Гэвч одоохондоо аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээл алга байна" гэдгийг тус газрын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау мэдэгдлээ.

Баян-Өлгий аймагт уулын хадлан өнгөрсөн сарын нэгнээс, голын хадлан 20-ноос эхэлсэн бөгөөд хадлан, тэжээл бэлтгэх ажил 10 дугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэн явагдах юм.
 

Ө.Нурболат
 

Холбоотой мэдээ