Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-03 16:09:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн долоон сургууль, 12 цэцэрлэгийн багш ажилчид энэ сарын 05-ны өдрөөс эхлэн ажил хаялтад нэгдэхээ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-нд мэдэгджээ.

Тодруулбал, Баруун-Урт сумын дөрвөн сургууль, долоон цэцэрлэг, Мөнххаан, Түмэнцогт, Онгон сумдын сургууль, цэцэрлэг, Эрдэнэцагаан, Түвшинширээ сумдын цэцэрлэгийн багш ажилчид дээрх ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн байна.

Энэ талаар аймгийн ҮЭХ-ны дарга О.Батзаяагаас тодруулахад “Өнөөдөр эхний хоёр цагаас хойш ажил хаялтад багш нар нэгдэнэ гэж байсан боловч улсын хэмжээнд ийм явдал болоогүй. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай аймгийн тухайд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид ажил хаялтанд нэгдэхээ манайд албан бичгээр мэдэгдээд байна. Багш ажилчид маань өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа учир улсын хэмжээнд ямар байна, бусад аймгууд ямар байна гэдгээс хамаарахгүй л дээ. Тухайн байгууллагын гишүүдийн шийдвэрээс хамаарах болохоор бусад аймагт ажил хаялт болоогүй учир та нар хаях хэрэггүй гэх эрх бидэнд байхгүй. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага. Тиймээс хоёр хоногийн дараа болох ажил хаялтад өөрсдийн зүгээс хуулийн хүрээнд хамтран ажиллана. Энэ ажил хаялт нь тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх байх. Хамгийн гол нь Засгийн газартай зөвшилцөлд хүрэхийг багш нар хүлээж байгаа.” гэлээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ