140 гаруй оюутанд 200 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-29 22:20:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга, ЗДТГ, аймгийн ИТХ-аас хамтран хэрэгжүүлж буй "Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр" хоёр дахь жилдээ үргэлжилж байна.
2018-2019 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэгт хамрах хүсэлтэй оюутнуудын материалыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хүлээж авч, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, шинээр их, дээд сургуульд  элсэн орох  106 оюутанд Сургалтын тэтгэлэг олгохоор болжээ. Мөн өнгөрсөн жил 74 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байснаас аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42 оюутны материалыг хэлэлцэж, 37 оюутанд үргэлжлүүлэн тэтгэлэг өгөхөөр болсон байна.
Тухайн оюутнуудад сурлагын голч дүн, амьдралын түвшин, мэргэжил сонголт зэргээс нь хамааран 50, 70, 100 хувийн тэтгэлэг олгох аж. Сонгогдсон оюутнуудад тэтгэлгийг гардуулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах арга хэмжээг есдүгээр сарын 7-15-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд 74 оюутанд 120 сая төгрөгийн тэтгэлэг олгож байсан бол энэ онд 143 оюутанд аймгаас тогтоосон жишиг дүнгээр 200 сая төгрөгийн тэгтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ