Нэгдсэн эмнэлэгт иргэдийг угтах цахим үйлчилгээ бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-27 15:05:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Иргэдийн санал гомдлыг байнга дагуулсаар ирсэн Хэнтийн нэгдсэн эмнэлгийн дараалал, сунжирсан хүлээлт ард хоцорлоо. Урьд нь иргэд өглөө эртлэн босож үүрийн жингээс эхлэн өдөржингөө дугаарлан зогсож ядардаг байсан бол энэ асуудлыг  бүрэн шийдэж, цахим үйлчилгээ бий болгожээ.

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ өглөөний долоон цагаас үүдний автомат машинаас дугаар авч, найман цаг 30 минутаас тухайн өгөх гэж буй шинжилгээ, оношилгооны цаг авах боломжтой. Үүний тулд иргэн та зөвхөн бүрэн гүйцэт төлбөрөө төлсөн эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчрахад л хангалттай аж.

Энэхүү угтах цахим үйлчилгээний зорилго нь иргэдэд түргэн шуурхай, чирэгдэл гомдолгүй, цаг хэмнэж үйлчлэхэд оршиж байгаа бөгөөд цахим угтагч нь өдөрт 200-300 хүнд үйлчилж байна. Тус эмнэлэгт шүдний кабинет хамгийн их ачаалалтай байгаа бол бусад тасгийн хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэд цахим үйлчилгээнээс өдрөө сонгон цаг авах бүрэн боломжтой юм байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ