Азийн наадамд Монгол улс медалийн тоогоор 11 дүгээр байрт жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-24 10:58:11
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонез улсын Жакарта болон Палембан хотод болж буй Азийн спортын 18-р наадамд Хятад улсын баг тамирчид 55 алт, 40 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж, нийт 116 медальтайгаар багуудын чансааг тэргүүлж байна.

Хоёрдугаар байрт Япон улсын баг 25 алт, 28 мөнгө, 33 хүрэл медальтайгаар жагсаж байгаа бол Өмнөд Солонгосын баг тамирчид 17 алт, 20 мөнгө, 27 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.

Эдгээр улсуудын араас Иран, Индонез, Тайланд, Умард Солонгос, Хятадын Тайвань, Узбекистан, Энэтхэг улсууд эхний аравт багтаж байна.

Харин манай Монгол улсын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар жагсаалтын 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 2 хүртэл үргэлжлэх уг наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа ажээ.
Э.Хулан
Холбоотой мэдээ