Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Дорноговь эхний тавд бичигдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-08-21 22:44:16
Дорноговь /МОНЦАМЭ/.Элсэлтийн eрөнхий шалгалтад 21 аймгаас Дорноговь аймаг 508,7 оноо авч  тавдугаар байрт шалгарлаа. Энэ амжилт нь  өмнөх оныхоос  найман байраар ахисан үзүүлэлт гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Тодруулбал монгол хэл 537 оноогоор хоёрдугаар байрт явж байгаа бол нийгмийн тухай мэдлэг, газарзүй, физикийн оноогоор тавдугаар байр, англи хэлнийхээр зургадугаар байрт оржээ. Харин  матeматик 12, орос хэл 13, биологи 13, хими 17, түүх 16 дугаар байрт тус тус бичигдсэн аж.
Сурагчдын элсэлтийн шалгалтын оноо нэмэгдсэн нь боловсролын салбарын чанарыг ахиулах, багш  сурагчдын хөдөлмөрийг үнэлэх, орон нутагт мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгын дагуу  Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд улсын математикийн олимпиадыг Сайншанд хотноо зохион байгуулсан, боловсролын чиглэлээр орон нутгаас дэд хөтөлбөрүүдийг үе шаттай  хэрэгжүүлж ажиллаж байгаатай холбоотой гэж албаныхан онцлов.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая, тэднийг бэлтгэж амжилт гарган оролцуулсан  багшийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд дээрх урамшууллыг 2018 онд хоёр сурагч, хоёр багш хүртсэн юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ