Халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн үерт өртсөн айлуудад тараажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-20 15:22:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Ибупрофен" 100 мл сиропыг витамин мэтээр ташаа ойлголт өгч үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд их хэмжээгээр тарааж буй явдлыг Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газраас таслан зогсоожээ. 

Тодруулж хэлбэл, "Alphard luxuryclub"-ийн сайн дурын гишүүд дээрх эмийг үерийн гамшигт нэрвэгдсэн айлуудад хандивын шугамаар өрхийн хүн амын тоогоор тараасан байна. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид иргэний мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран  таван хайрцаг буюу 200 ширхэг эмийг буцаан татуулсан байна. Мөн иргэдэд эмийг зааврын дагуу өвчний заалтаар хэрэглэх, зургаан сараас доош насны хүүхдүүдэд өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ.  

"Ибупрофен-100 мл" сироп нь үрэвслийн эсрэг, халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд эм авсан иргэдийн дундаас эмийн хордлого гарсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Иймд гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмийн тусламж үзүүлэх хүсэлтэй хувь хүн, байгууллагууд аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хандаж, эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнүүдийг зохих журмын дагуу түгээхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ