Улаанбаатар-Алтанбулагийн замын хөрөнгийг шинэчилсэн зургаар шийдэж өгөхийг АХБ-аас хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-10 11:39:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийх үүднээс АХБ-наас манай улсад 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан билээ. Энэ дагуу ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус банкны “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн багийн мэргэжилтнүүдтэй уулзаж төслийг хурдан хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх, хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх, төслийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын хувьд баруун чиглэлийн таван аймгийг нийслэл хоттой холбох нь тулгамдсан асуудлын нэг бөгөөд “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг АХБ-ны зээлээр амжилттай хэрэгжүүлж байгаад ЗТХ-ийн сайд талархал илэрхийллээ. Тэрээр, "анх 2003 онд АХБ-ныханд санал тавьж, үр ашгийн талаар газар дээр нь дагуулан үзүүлж явсан бол өнөөдөр дуусах шатандаа орж байна. Дөрвөн багц төслийн эхний 3 нь амжилттай хэрэгжиж 4 дэх багц шүүхийн шийдвэрээс болж цуцлагдсанд харамсаж байна гээд төслийн хувьд хэмнэж үлдэж байгаа хөрөнгөөс олон улс, улсын чанартай авто замд барьж байгуулах 11 төлбөр хураамжийн цэг, авто пүү байгуулахад зарцуулах, Баян-Өлгий аймгийн төвөөр дайран гарч байгаа хэсгийг тойруулан гаргах, 200 у/м төмөр бетон гүүр барих хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж талууд санал солилцлоо.

Мөн шинээр хэрэгжиж эхлэх Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ- Алтанбулаг чиглэлийн “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын стандартад хүргэх, ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, ашиглалтын насжилт өндөр, 1946 онд барьж эхэлснээс хойш хэсэгчилсэн засвар хийж байснаас ихээхэн эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болжээ. Тиймээс замын хучилтын өргөнийг 8,5 м болгож өргөтгөх, хучилтын зузааныг 7 см, далангийн өргөнийг 11м, мөн гүүр хоолойг бүрэн шинэчлэх саналтай байгаагаа хэлээд энэ дагуу ЗТХЯ-аас зургийн даалгаврыг гаргаж байгааг Ж.Бат-Эрдэнэ сайд дуулгалаа. "Ялангуяа энэ зам дээр осол эндэгдэл их гарч байгаа нь бидний хувьд тулгамдсан, хамгийн их санаа зовоож байгаа асуудал юм. Өнөөдөр замын шинэчлэлийн санхүүжилтийг шийдэж АХБ туслахаар болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Гэвч та бүхнээс дахин хүсэхэд 2015 онд хийсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй гаргасан, тухайн үеийн хариуцлагагүй ажиллагаанаас болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө баталсанд харамсаж байна. Тиймээс ЗТХЯ-аас гаргасан шинэчилсэн зургийн даалгаврын дагуу асуудлыг шийдэж, хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжиж өгнө үү. Мөн 2019 оны хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг бодолцож нааштайгаар шийдэхэд анхаарна уу"  хэмээн уулзалтын үеэр санал тавьсан юм.
АХБ-ны зүгээс Авто замын төлбөр хураах цэгийг эхний ээлжинд барих санхүүжилтийг хэмнэсэн хөрөнгөөс шийдэх, явцын дунд бусад асуудлыг ярилцаж тохирох саналтай байна. Харин Улаанбаатар Дарханы замын санхүүжилтийг хуучин зургаар баталсан тул байгаа хөрөнгөө үр дүнтэй зарцуулах нь гол асуудал юм. Одоогийн нөхцөл байдлыг ойлгож та бүхний саналыг тусгах талаар бодолцоно. Тиймээс нэмэлт санхүүжилтийг олж, гарцыг хайх нь хоёр талын тулгамдсан асуудал юм гэдгийг онцоллоо. Нэмэлт санхүүжилтийн асуудлаар талууд гарц хайх, эргэж зөвшилцөхөөр санал нэгдлээ.
 
Холбоотой мэдээ