Голомт банкнаас 50 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-01 10:44:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Голомт банкны 2000 гаруй ажилтан, удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлөөс үер усны гамшигт өртсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд зориулж 50 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ.

Үүнээс үерт ихээр хохирол амссан 135 иргэнд 18 сая төгрөг, мөн Голомт банкны харилцагч 52 иргэнд 8.5 сая төгрөг, банкны дөрвөн ажилтанд 2.4 сая төгрөг, цэвэр усны нөөцгүй болсон 2, 3 дугаар багт хоёр гүний худаг гаргахад зориулж 15 сая төгрөг олгосон байна.

Мөн байгалийн гамшгийн үеэр ард түмнийхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн болон зэвсэгт хүчний анги, нийтийн аж ахуй үйлчилгээний "СУАТ" компанид тус бүр 1 сая төгрөг, Онцгой байдлын гамшгийн санд таван сая төгрөг хандивлажээ.

Гамшигт нэрвэгдсэн иргэдэд сэтгэлийн дэм үзүүлсэн Голомт банкны төлөөлөл болох Сувгийн удирдлагын газрын захирал Н.Түмэндэмбэрэл, Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Мейрамхан нарыг аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж талархал илэрхийллээ.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ