Иргэдийн мэдвэл зохих хуулийн заалтуудаар тараах материал бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-25 09:59:06
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс  аймгийн Засаг даргын энэ  оны А/30 дугаар захирамжаар “Хууль журам миний амьдралд” аяны хүрээнд “Хуулиа мэдье, мөрдье” сэдэвт 10 сарын хугацаатай хууль сурталчлах, хэрэгжүүлэх аян зарлаж, аяны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын удирдамж батлан сум, байгууллагуудад хүргүүлж, аяны явцын мэдээ мэдээллийг улирал бүр хүлээн авч дүн шинжилгээ хийж, сумдын ЗДТГ-ыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сар хүртэл үргэлжилж байгаа тус аяны үр дүнд 17 сумын 4814 иргэнд хууль тогтоомжийн сургалт, сурталчилгаа мэдээлэл хийж, Засаг даргын эрхлэх асуудлын харьяаны 52 байгууллагаас 220 төрийн албан хаагч, мөн 14 байгууллагаас 217, 16 сумын 800 гаруй төрийн албан хаагч, нийт давхардсан тоогоор 6051 иргэнд холбогдох хууль тогтоомжийн талаарх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцаа авахаар ирсэн 28 иргэнд зөвлөгөө өгч бүртгэл хөтөлж, Иргэдийн мэдвэл зохих Зөрчлийн тухай, Архидан согтуурахтай тэмцэх, хулгайлах гэмт хэргээс сэргийлэх болон бусад холбогдох хуулийн заалтуудаар нийт 7500 ширхэг зурагт тайлбар бүхий өнгөт тараах материалууд бэлтгэж түгээсэн байна.
Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өнгөрсөн дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэгдсэн байдлаар Жаргалант сумын төрийн албан хаагчдад зориулан 4 өдөр 220, 16 сумын 800 гаруй төрийн албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийн тухай ойлголт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архив албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвээр, мөн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 14 байгууллагын 217 төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ