Говь-Алтай аймагт галзуу чоно дахин хүүхэд ноцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 километрийн зайд орших Ферм багийн Тахилтын хөндлөн хэмээх газар нутаглаж байсан малчин С.Мөнх-Эрдэнийн бэлчээрлэж буй мал руу чоно дайрч, хонь хариулж байсан хүүхдийг ноцсон байна.
Чоныг тухайн өдөр нь устган, сумын малын эмч устгасан чононоос дээж авч тус аймгийн Мал Эмнэлгийн Ариун Цэврийн лабораторид долоодугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчин оношлогджээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үед чонотой хавьталд орсон нэг нохой, нэг борлонг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийж, одоогоор сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ. Харин чононд ноцуулсан хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан харьяа сумын эмнэлэгт эмчилгээ хийж байгаа ажээ.
Говь-Алтай аймагт сүүлийн гурван сарын байдлаар мал, амьтны гоц халдварт галзуу өвчний дөрвөн удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Тонхил, Алтай, Бугат суманд чоно, Цогт суманд нохой галзуурчээ.

Э.Нарангэрэл