Нөхөн сонгууль товлох тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-24 13:56:14
Улаанбаатар  /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэн шалгаж эхэлжээ.

Дээрх тогтоолоор, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг  2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулах болсон. Энэхүү тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, арван дөрөвдүгээр зүйлийн 2, арван зургадугаар зүйлийн 9, арван есдүгээр зүйлийн 1, хорин зургадугаар зүйлийн 3 болон далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчсөн гэсэн мэдээллийг иргэд ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэсэн байна.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Арван дөрөвдүгээр зүйлийн 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Арван зургадугаар зүйлийн 9. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

Арван есдүгээр зүйлийн 1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

Хорин зургадугаар зүйлийн 3. Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Далдугаар зүйлийн 1. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино. 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ