Өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-20 22:55:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ч.Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургууль нь “Өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах сургалт, сурталчилгааны аян” зохион байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
 
Уг төсөл нь “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд 2018 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс аравдугаар сар хүртэл үргэлжлэх ажээ. Төсөл хэрэгжих хугацаанд ард иргэд цахилгааны хэрэглээгээ багасгах аргыг мэдэж ингэснээр сар бүрийн төлбөрийн хэмжээ буурч өрхийн санхүүгийн орлого нэмэгдэн, хэмнэлт бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. 
 
Түүнчлэн цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээр дамжуулан орон нутгийн иргэд, хүүхдүүдэд тогтвортой хөгжлийн боловсролыг олгох болон сарын төлбөр нь 50.000 төгрөгнөөс их гардаг айл өрхийн судалгааг гаргаж, сайн дурын үндсэн дээр хэрэглээгээ хянах, төлбөрөө багасгах аян өрнүүлж, аяны хүрээнд 50 өрхийг сонгон төсөлтэй холбоотой сургалт, сурталчилгаа, туршлага солилцох, хамтран ажиллах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Харин төслийн үр шимийг 50 өрхийн 250 иргэн, сургуулийн 824 хүүхэд, 67 багш, ажиллагсад нийт 1091 хүн шууд хүртэх бол дам байдлаар Есөнбулаг сумын иргэдийн 30 орчим хувь болох 6000 хүн хүртэх давуу талтай ажээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ