БАЯН-ӨЛГИЙД БОЛСОН ҮЕРТ 530 АЙЛ ӨРХ ӨРТЖЭЭ

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-07-20 16:08:40
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд хүчтэй аадар бороо дараалан орсны улмаас хэд хэдэн удаа үер бууж, 500 гаруй өрхийн 2500 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг зарим байгууллага үерт өртжээ.
Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохиролоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгаа байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гамшгийн хохирлын хэмжээ 10 гаруй төгрөг гарахаар байгааг албаны хүмүүс хэлж байна.
Одоогоор үерийн гамшгийн голомтоос нийтдээ 345 өрхийн 1840 гаруй иргэнийг иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 678 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ. Түүнчлэн радио, телевизийн өргөн нэвтрүүлэх антенны хашаанд хуримтлагдан тогтсон их хэмжээний үерийн усыг тогтоон барих 1,1 км далан босгосон ч сэтрэх аюултай байсан тул 300 метр шуудуу татан Эрчимбаян-Өлгий компанийн илүүдэл ус зайлуулах цөөрөмд юүллээ.
Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшгийн асуудлыг энэ сарын 19-ний өдөр  Улсын Онцгой комиссийн хурлаар хэлэлцэж, таван ханатай гэр 80 ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэжээ.
Одоо гамшгийн голомтонд 18 байгууллагын  620 орчим хүн, 100 гаруй нэгж техникээр эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг явуулж, үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд  байрлуулах, халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын  далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулахын зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн тоо, хохирлын хэмжээг нэрийвчлан гаргахаар судалгаа хийн ажиллаж байна.

Холбоотой мэдээ