Борооны улирал ба Борооны хүн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
183@montsame.mn
2018-07-20 14:42:02
Цаг цагаараа байхаа больжээ...Ялангуяа дөрвөн улирал маань өөрчлөгдөж тав дахь улирал буюу борооны улиралтай болсныг сүүлийн цаг агаарын аяс илт харуулах болов. Монголчуудын амьжиргааг ч өөрчлөх сануулгыг энэхүү тав дахь улирлын дохио өгсөөр байна. Монгол орны байгаль цаг уурын өнгийг ч энэ тав дахь улирал нэн тод харуулсаар байх боллоо.

Жаахан хэтрүүлээд хэлэхэд "Тал хээр нутагт далайн шуурга /Цунами/ шиг аюул гамшиг болохгүй гэхээргүй болсныг" ойрын үеийн усархаг борооны явдал анхааруулсаар байна биш үү?
Нар ихэд шарж, ган гачиг болмоор царайлахаар нь манай олон нийт "Бороо,бороо ороорой" гэж гоншигночихоод шинэ цагийн шинж хувирлаар айсуй, айлгахуй бороо орохоор нь "Болиоч ээ, хэтэрлээ" гэж далчигнаад байхын хэрэг байна уу?
Хүн бидэн байгаль эхийн амьтан буюу. Хэзээ ч байгаль эхийн эрхшээл дор амьдрах нь тодорхой. Шинэ цагийн соёл иргэншил байгалийн давагдашгүй гамшгийг давж чадахгүй болсныг дэлхий нийтээр нүүрлэн ирэх аюулуудаас бид харсаар, үзсээр байна. Дөнгөж саяхан даа, цунами, үер, газар хөдлөлттэй бараг л өдөр бүр нүүр тулж байдаг японд усны аюулт үзэгдэл болж хүн, барилга, зам гүүр өртөж "гамшгийн" хэмжээнд хүрлээ. Байнга л үер бороо салдаггүй жинхэнэ борооны улиралтай Тайландад хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг хүүхдүүд багштайгаа агуйд боогдоод азаар амь аврагдлаа. Дэлхийн хөл бөмбөгийн фанатуудынх шиг хөөрлөөр энэ мэт аюул хаа ч тохиолдож болох. Энэ дашрамд хэлэхэд саяхан архангайд явахад хөдөөний багачуул хөл бөмбөг хөөгөөд гүйж явна. Дэлхийн аварга хөл бөмбөгчин болно гэж хээвнэг хэлж байна лээ. Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ийм л дууриал хаялгыг хүүхэд багачуудад өгч, нөлөөлж байна шүү дээ.
Яг үүн шиг монголын төр засгаасаа эхлээд "Борооны улиралтай болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд" иргэддээ байнгын бэлтгэлтэй байх сургалт, дадлага суулгаж, тархи оюунд нь хүүхэд багаас нь "гамшгийн хичээлийн цагаан толгойг" идээшүүлж өгмөөр байна. Үер борооны дараах хохирлыг харан уулга алдаж, алийн болгон Засгийн газрын ээлжит бус хурал хийж, Улсын онцгой комиссын шуурхай зөвлөлгөөн хийж жүжиглэх вэ? 
Уг нь энэ үеэр "бүхнийг мэдэгч" УИХ-ын ээлжит бус чуулганыг ч зарлан хуралдуулж "Тав дахь улирлын тухай хууль" санаачлан хэлэлцүүлж болох л шүү дээ?
Ерөнхийлөгч санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит бус хурлыг хийж " Тав дахь улиралд тохиолдож болзошгүй аюулаас иргэдээ авран хамгаалах дархлааны тухай" ярилцах хэрэгтэй биш үү?
За энэ ч яахав, "Төрийн төлөө оготно боож үхэхээ байсан цаг даа" даанч. 
Борооны улирлаар харин хүн бүхэн, иргэн бүхэн, айл бүхэн, аймаг сум бүхэн, хот хороо бүхэн хэлж ирэхгүй хийсээд ирэх аюулаас сэрэмжлэн , болгоомжлон нэн сайтар бэлтгэлтэй, угтан тосох сэтгэл зүйн болон ахуйн бэлэн байдалтай байх хэрэгтэй болсныг усархаг борооны сануулгууд өгсөөр байна.
" Борооны улирал"-аар бид "Борооны хүн" шиг байх хэрэгтэй байна. Хэний ч билээ, "Борооны хүн" гэж зохиол байдагсан, хэзээний ч билээ "Борооны хүн" гэж кино гарсан байсансан. 
Япон шиг өглөө бүр хооллох соёл, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлсэн мэдээг байнга өгдөггүй юмаа гэхэд "Борооны улирал"-аар Төр засгийн зүгээс анхааруулга өгч, мэргэжлийн байгууллагааас санамж, сэрэмж тарааж заншмаар байна. Монголчууд нэдэр дээрээ аман хуулийг эртнээс буй болгоод ачир дээрээ гэрийн хүмүүжил болгодог сайхан жишээ бий шүү дээ бас. Үер борооны байдлыг тэнгэрээс уншдаг агуу билэг зөнч ухаан ч бидэнд бий. Бороо ихээр орж, тэнгэр задрахаас сэрэмжлүүлэн хүүхдээ хамаагүй тургиулдаггүй, аянга цахилгаанаас хамгаалж аадар бороотой үеэр гэрийнхээ хаалгыг дэлгэж, босго голлон зогсохоос айлгадаг, тэнгэр дуугарах үеэр гэрт шагай тоглуулдаггүй...гээд үй олон сургаал өвгөдөөс уламжлан ирсэн зан заншлын аман хууль энэ мэт зөндөө. 
Одоо хүн бүхэн "Борооны улирал"-аар өмсөх цув, юүдэн, хантааз, малгай, усны гутал, шаахай, шүхэр, усны хамгаалалтай цаг, цүнх, уут, сав, гар утсаа хамгаалах гэр гээд бэлэн байдлаа хангаж сурууштай. Борооны улиралтай улс орнууд шиг албан газар, үйлчилгээний газрууд ч шүхрийн өлгүүр,тавиуртай болмоор байна.
Өнөөдөр нийслэлийн Төмөр замын хороолол хавьд цагаан хоолойгоор "Бороо орно шүү, иргэдээ анхаараарай " гэж зарлаж байна гэнэ. Ийм л болмоор байна. Ингэж л анхааруулж сэрэмжлүүлж баймаар байна.
Монгол оронд бий болсон тав дахь улирал нь "Борооны улирал" бий болсноор батлагдлаа. Одоо монголчууд бүгдээрээ "Борооны улирал"-даа зохицон "Борооны хүн" болцгооё!
2018.07.20...14.14 цагун дору...МОНЦАМЭ асар дору...
 

 

                                                                                                                                 Ж.Батсайхан


 


Холбоотой мэдээ