Говь-Алтайн наадамд анх удаа Монгол Улсын арслан цолтон зодоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-12 11:18:58
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говь-Алтайн аймгийн баяр наадамд хүчит 256 бөх барилдан наадамчин олноо баясгав. Тэднээс Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын заан Б.Соронзонболд, Монгол Улсын начин С.Эрхэмбаяр, Д.Батбаяр, Д.Лхагвадорж, Н.Баярмагнай нарын улсын цолтой 7 бөх, аймгийн цолтой 46, сумын цолтой 85 бөх ирж барилдсан юм.
Говь-Алтай аймагт анх 1966 онд Бээжин аварга Монгол Улсын арслан байхдаа зорин очиж үзүүлэх тоглолт хийж байсан ба тэр цагаас хойш улсын арслан цолтон очоогүй түүхтэй гэдэг. Энэ жилийн баяр наадамд тус аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Д.Эрдэнэтулга түрүүлж “Аймгийн арслан” цол, Цээл сумын харьяат аймгийн начин Х.Ариунбаатар үзүүрлэн “Аймгийн заан” цол, Жаргалан сумын харьяат Ж.Галмандах, Бигэр сумын харьяат Ж.Гантогтох нар “Аймгийн начин” цолны болзол хангав.
Харин өсвөрийн 32 бөх барилдсанаас Шарга сумын харьяат Д.Дашдаваа түрүүлж, Баян-Уул сумын харьяат н.Бямбадорж үзүүрлэсэн юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ