Улаангом политехник коллеж элсэлт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-30 12:47:37
Увс /МОНЦАМЭ/. Орон нутагтаа мэргэжилтэй ажиллах хүчинг хөдөлмөрийн зах зээлд богино хугацаанд сургалтын төлбөргүйгээр бэлтгэн гаргадаг Улаангом политехник коллеж нь 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Одоогоор элсэлт 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 9-р сарыг хүртэл үргэлжлэх юм байна.
Хэрвээ 9-р ангиа төгссөн бол 2.5 жилтэй техникийн боловсролын сургалттай ангид элсэн суралцах юм байна. Харин 12-р ангийн төгсөгчид болон насанд хүрэгчид 1.5 жилтэй мэргэжлийн сургалтанд хамрагдах аж. Энэ жилээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийн нэг болоод байгаа үйлдвэрийн механик засварын цехийн ажилтан бэлтгэх нэг жилийн сургалттай ангийг хичээллүүлэх юм. Улаангом политехник коллежийн хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл ажлын өдрүүдэд тус сургууль дээр явагдаж байна.
“Улаангом политехник коллежээс ирэх хичээлийн жилд 30 мэргэжилд нийтдээ 590 элсэгчийг бүртгэж сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Энэ хүрээнд мэргэжил тус бүрт анги дүүргэлтийг 25-аар тогтоож, нэг ангид энэ тооны элсэгч бүртгэнэ. Иймд элсэн суралцах хүсэлтэй иргэдийг мэргэжлээ сонгон бүртгэлээ хийлгэхийг уриалж байна” хэмээн тус сургуулийн сургалтын менежер Б.Алтаншоо хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ