“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн баяр аймгуудын уран бүтээлчдийн тоглолтоор эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-27 06:19:50
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн хүрээндээ “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг энэ сарын 26,27 –нд зохион байгуулж байна. Наадмын нээлтийг өчигдөр 19 аймгийн театр, чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн “Эрдэнэсийн эх орон” тоглолтоор эхлүүллээ.
Тоглолтод 120 орчим уран бүтээлч оролцож байгаа талаар “Уурхайчин” соёлын ордны орлогч захирал Х.Үнэнзориг ярилаа.
“Ойрын хэдэн жил 21 аймгийн уран бүтээлчдийг нэгдсэн тоглолт болоогүй. “Эрдэнэт” үйлдвэр ХХК 40 жилийн ойгоороо биднийг урьж “Уурхайчин” соёлын ордныхоо тайзнаа тоглууллаа. Маш их баяртай” гэж Увс аймгийн “Ойрад” хөгжимт бүжгийн театрын дуучин Ж.Тулгаа хэллээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулсан “Эрдэнэсийн эх орон” тоглолтод оролцсон юм.
“Эрдэнэсийн эх орон” тоглолтод оролцсон театр, чуулгын уран бүтээлчид шилдэг 23 үзүүлбэрийг үзэгч олны хүртээл болгожээ. Үүнээс долоон аймгийн уран бүтээлчид нь өнөөдөр болох баяр наадмын нээлтийн ёслолд ая дуугаа өргөх юм.
“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын хүрээнд “Долоон бурхан од”, “Эрдэнэт” овоог тахиж, ажилчдынхаа дунд эрийн гурван наадам зохион байгуулж байна.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ