Баялаг бүтээгчдийг цогц бодлогоор дэмжих Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-25 14:16:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Баялаг бүтээгчдийг дэмжье” урианаас эхтэй хөдөлгөөн өнөөдөр нийгмийн олон давхаргыг хамарч ажил хэрэг болон төр, засгийн хэмжээнд хамтарсан “Баялаг бүтээгчдийг цогц бодлогоор дэмжих ажлын хэсэг” байгуулагдаж эхний чуулга уулзалтаа хийв.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үүний өмнө ЖДҮ-ийн тухай хуулийн талаар Нэгдсэн форумыг энэ сарын 8-нд зохион байгуулж тэндээс гарсан зөвлөмжийг төр, засгийн түвшинд хүргэсэн бол энэ удаа Үндэсний хөгжлийн газар, НЗДТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Ажил олгогч Эздийн холбоо зэрэг олон талын оролцоотой “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болж байна.

Уулзалтыг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас эхний илтгэл тавьж хэлэлцүүллээ. Элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, хоёр орны хооронд хэрэгжиж буй Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулж үр дүнтэй болгоход Монгол Улсын талаас төр, засгийн түвшинд ил тод, нээлттэй, төвөг чирэгдэлтэй байдлыг халах тал дээр хүчин чармайлт гаргаж, бизнес эрхлэгчдийн хувьд экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, сав баглаа, боодолд анхаарах хэрэгтэйг онцлож байв. Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газраас тавьсан илтгэлд, Монголд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч бизнесийн орчин хараахан хөгжөөгүй байна гэж дүгнээд, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлэх тал дээр цаашид хамтран ажиллаж байгаагаа дуулгав. Одоогийн байдлаар тус байгууллагаас ЖДҮ-ийг хөгжүүлэх иенийн хөнгөлөлттэй зээлийн болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж байна.
Чуулга уулзалтад оролцогч Сүхбаатар, Ховд аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид хэлэхдээ “Бизнесийн үйл ажиллагааны дунд, анхан шатанд лобби бүлгийг байгуулъя. Ингэхдээ хэлбэр талаас бус улс орон, нутаг орны хөгжлийн төлөө нэгдэхэд зөв талаас зохион байгуулж ажиллая. Орон нутагт аймаг, сумыг хөгжүүлэх сан гэх мэт хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт байгаа боловч эрх мэдэлтэн дарга нарын танил тал, улстөрийн талцлаар явж яг ажил хийж буй хүмүүст очихгүй байгааг шүүмжлэв. Худалдаа, аж үйлдвэрийн Танхим болон Баялаг бүтээгчдийн холбооны салбар зөвлөлүүд гэж тус тусдаа олон байгууллага нэг зорилгын төлөө ажиллаж байгааг нэгтгэе” гэсэн санал гарч байлаа. Чуулга уулзалтад оролцогч ихэвчлэн эрхлэж буй бизнес, худалдаа, үйлчилгээндээ шууд болон шууд бус дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байв. Мөн бизнес эдийн засгийн шийдвэр гаргахдаа бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоод байгууллагуудаас оролцуулж байлцуулж байхгүй бол мэдээлэлд ойр, улстөрийн хүрээнийхэн болон цөөн тооны хэсэг бүлэг хүмүүс өгөөжийг хүртэхээр байдал үүсээд байдагт шүүмжлэлттэй хандаж, өнөөдөр бизнес эрхлэгчид ярьж хэлэлцэхээс илүү ажил хэрэг болгохыг чухалчилж байв.
Б.Болд
 
Холбоотой мэдээ