Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40 гаруй хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-21 23:25:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын болон орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян өрнөж байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх 10 дугаар сарын нэгнийг хүртэлх гурван сарын хугацаанд үргэлжлэх юм.
Зам тээврийн гэмт хэрэг, осол урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, байгааг албаныхан хэлэв. Тодруулбал, Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зам тээврийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Баянхонгор аймагт 42.9 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч оны эхний хагас жилд аймгийн хэмжээнд зам тээврийн ослоос үүдэн долоон иргэн амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь мотоцикль жолоодохдоо хурд хэтрүүлснээс болж, осолдож амь эрсэджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжид зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, хамгаалах малгай, хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг анхааруулсан байдагтай холбоотойгоор аяны хүрээнд дээрх асуудалд голлон анхаарч хяналт, шалгалт ухуулга, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах аж.
Замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ