“Ногоон паспорт” аяны манлайлагчдыг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-06-21 17:07:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд өрнүүлсэн “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн уг аяныг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” санаачилгын хүрээнд эхлүүлсэн бөгөөд аяны явцад сурагчдын дунд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэг хийх, Эко клубын багш нарын дунд шилдгийн шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан юм. 

Олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэгийн уралдааны I байрт Нийслэлийн 52-р сургуулийн эко клубын сурагчид “Баатар” нэртэй бүтээлээрээ тэргүүлж, 1.000.000 төгрөг, өргөмжлөл. II байрт 15-р сургуулийн эко клубын сурагчид “Лаа асаах мөрөөр” бүтээлээрээ шалгарч, 800.000 төгрөг, өргөмжлөл. III байрт 29-р тусгай дунд сургуулийн эко клубынхэн “Байгаль дэлхийгээ хайрлая” бүтээлээрээ шалгарч, 500.000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнуулжээ.

Энэ үеэр II байрт шалгарсан 15-дугаар сургуулийн Эко клубын ахлагч С.Ариусайхан “Бид уралдаанд сойсон бүтээлээрээ иргэд хогоо ангилж хаяахад юу дутагдалтай байна вэ гэдэг сэдвийг хөндөхийг зорьсон. Ингэхийн тулд маш олон судалгаа хийх явцдаа манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Хэрэв энэ үйлдвэрийг байгуулж чадвал иргэд хогоо ангилна гэдэг санааг гаргасан. “Ногоон паспорт” аяныг санаачилсан БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлж байна. Энэ аян хэрэгжсэнээр сурагчдын дунд маш их эерэг хандлага гарч байгаа. Би өөрийнхөө ангийн жишээн дээр л хэлэхэд манай ангийн хөвгүүд цэцэг тарьж, түүнийгээ арчилж сурахаас гадна усаа гамнах, байгалиа хамгаалах зөв хандлагатай болж байгаа” гэлээ.

Харин Эко клубын шилдгийн шилдэг багш шалгаруулах уралдаанд 10 багш шалгарсан юм. 29 дүгээр сургуулийн Эко клубын багш Ц.Эрдэнэтуяа гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулсан бол 60,127, 34, 17, 119, 12, Амгалан цогцолбор, Эрдмийн өргөө сургуулийн эко клубын 9 багш дотоодынхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхээр шагнуулсан юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уралдаанд оролцож, шагнал гардагсдад баяр хүргээд “Ирээдүй хойчоосой зээлж хэрэглэж байгаа байгалийн баялгаа хойч үедээ үлдээх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилсан. “Ногоон паспорт” эзэшиж байгаа сурагчдаар дамжуулан байгалиа хамгаалах уриалга дэвшүүлснээр бид 2030 он гэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан” хэмээлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубынхны дунд зарласан “Ногоон паспорт” аян ийнхүү өндөрлөж байгаа юм. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарлах юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ