Гэр бүл, хүүхдийн хөгжилд сум, багийн Засаг дарга нарын оролцооны талаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-11 20:42:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг нас, хүйс, газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр нь гаргах зорилгоор "Гэр бүл, хүүхдийн хөгжилд сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтны үүрэг оролцоо" сэдэвт сургалт, зөвлөлгөөн энэ сарын 11-ний өдөр Алтай хотноо зохион байгууллаа.

Сургалтыг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран зохиож 18 сум, 87 багийн Засаг дарга болон нийгмийн ажилтан нийт 130 хүнийг хамрууллаа. Сургалтад оролцогчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны талаар зөвшилцсөн байна.
"Сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нь гэр бүл, хүүхдийн эрсдэл, тэдэнд тулгамдсан асуудлыг тандах, хянах, илрүүлэх, тэднийг хамгаалах аливаа байгууллагад холбон зуучлах эрх бүхий субъект учир ийнхүү тэднийг сургалт, зөвлөлгөөнд хамрууллаа" хэмээн тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ