Төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-05 11:54:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Учрал гишүүний өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байгууллагууд их хэмжээний мөнгө төсөвлөх, түүнийгээ хуулийн тодорхой зохицуулалтгүйгээр зарцуулах, хөрөнгийг үр ашиггүй үрэх тохиолдол аудитын байгууллагад цөөнгүй бүртгэгддэг байна. Иймд төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 1 дүгээр зүйлд тусгагдсан “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хуулийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ”хэмээн өөрчлөх саналыг дэмжлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ