“Хүүхдийн ертөнц 2018” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-04 17:20:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Капитрон банк, Монголын Хүүхдийн ордон хамтран “Хүүхдийн ертөнц 2018” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаанд Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүргийн хүүхэд багачуудын бүтээлээрээ оролцсон бөгөөд сургуулийн өмнөх нас, бага нас, дунд нас, ахлах нас гэсэн насны ангиллаар шилдгүүдийг тодруулав. Уралдаанд 200-аад бүтээл ирснээс шилдэг 150 бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм. 

Нийт 32 бүтээлийг байр эзлүүлэн шалгаруулж, шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг, хүүхэд бүрт 10 мянган төгрөгийн дүнтэй хүүхдийн хадгаламж, бүтээлийг нь картан дээр хэвлүүлэн ашиглах эрхийг бэлэглэв.
Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, Ардын боловсролын тэргүүний ажилтан, зургийн багш Д.Батбаяр, Капитрон банкны Бизнес хөгжлийн хэлтсийн захирал М.Баттулга нар авьяаслаг хүүхэд багачуудад шагналыг нь гардуулан өгч, цаашдын хичээл сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.

Сургуулийн өмнөх насны ангилалд нэгдүгээр байрт “Хүүхдийн ордон” Д.Энхтуяа 230 дугаар цэцэрлэг, 5 нас, хоёрдугаар байрт “Хүүхдийн ордон” О.Учрал “Жаргалан” цэцэрлэгийн бэлтгэл анги, 5 нас, гуравдугаар байрт “Хүүхдийн ордон хөлөг онгоц” Н.Сумира, 4 нас, 1-4 дүгээр анги тэргүүн байрыг “Ордон минь” Б.Маргад 7 сургууль,1ё анги, хоёрдугаар байрт “Хүүхдийн шувуу” Н.Чингүүндорж 6-р сургууль, 3д анги, 8 нас, гуравдугаар байрт “Хүүхдийн ордон” Б.Бат-Ертөнц 7-р сургууль, 3в анги тус тус шалгарлаа.

Харин 5-8 дугаар анги нэгдүгээр байрыг “Миний мөрөөдлийн Монголын Хүүхдийн ордон” Ж.Баясгалан, 10 нас, хоёрдугаар байр “Хүүхдийн ордон миний нүдээр” Б.Ундрам 14-р сургууль, 7б анги, 11 нас, гуравдугаар байр “60 хүүхдийн мөрөөдлөөр би амьдарна” Г.Ганжаргал 1-р сургууль, 7 анги,13 нас, 9-12 дугаар анги нэгдүгээр байр “Миний мэдэх хүүхдийн ордон” Б.Уранзаяа 97-р сургууль 11а анги, 16 нас, хоёрдугаар байр “МХО-60 жил” Б.Амардалай, 15 нас, гуравдугаар байр “Миний мэдэх хүүхдийн ордон” Б.Урангүнж 97-р сургууль, 11а анги, 16 нас нар тус тус эзлэв.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ