Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Хүүхэд, залуучуудын паркт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-01 16:12:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр"-ын нэгдсэн арга хэмжээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг 10 орчим байгууллага хамтран Өлгий хотын Хүүхэд, залуучуудын паркт зохион байгуулж байна.



Баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ. Аймгийн удирдлагууд хэлсэн үгэндээ, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүчирхийллийн эсрэг төв" барихад шаардагдах 100 сая төгрөгийг шийдвэрлэн ажил хэрэг болгож байгааг,  мөн сургалтын чанарыг дээшлүүлэх үүднээс элсэлтийн ерөнхий шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагч, түүнийг багшийг урамшуулах тогтолцоо бүрдүүлснээ мэдээллээ. Мөн цэцэрлэгийн хамрагдалтын түвшинг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 10 цэцэрлэг, гурван сургууль болон Хүүхдийн эмнэлэг шинээр барих ажлыг эхлүүлж байгааг дуулгалаа.  


Түүнчлэн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа он гарснаас хойш "Хүүхдийн тусламжийн утас-108" төвд тус аймгаас 54 дуудлага ирж, дуудлагын мөрөөр кэйс үүсгэн ажил зохион байгуулснаа илэрхийллээ. Мөн энэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ нь хүүхдүүдэд зориулж ан амьтаны хэлбэртэй хөгжөөн баясгах алиалагч олноор ажиллуулж байгаагаараа онцлогтойг дурдлаа. 

Энэ жилийн "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээнүүд тавдугаар сарын 29-нээс эхэлжээ. Хөтөлбөрийн дагуу хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээн, дугуй, ролик, гар зургийн уралдаануудыг тус тус зохион байгууллаа. Мөн аймгийн Хөгжимт Драмын Театрын хамт олон хүүхэд багачуудад зориулж "Улаан малгайт" жүжгээ өнөөдөр тавих юм. Баярын арга хэмжээнүүд орой залуучуудын шоугоор өндөрлөнө.

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ