Улсын бүртгэгч эрхзүйч мэргэжилтэй байх саналыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-31 18:52:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд  улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасан байна. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг  зохицуулалт тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс дэлхий нийтэд киберь халдлага газар авч, цахим аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй энэ үед Монгол Улс бүртгэл, мэдээллээс эхлээд бусад салбаруудаа цахимжуулах нь оновчтой эсэхийг тодруулж байлаа.

Цахим сүлжээний аюулгүй байдлын асуудал бол энэ хуулийн гол цөм байх ёстой гэдгийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ. Хуулийн төсөлд цахим сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн заалт туссан гэдгийг дурьдсан юм.

Мөн хуулийн төсөлд сумын ЗДТГ-ын улсын бүртгэлийн ажилтныг УБЕГ-ын дарга томилдог байх нь хэт туйлширсан асуудал гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн шүүмжлэв. Тэрбээр сумын улсын бүртгэлийн ажилтнуудыг аймаг эсхүл тухайн сумынх нь удирдах албан тушаалтнууд нь томилдог байх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд орсон гадаад нэр томъёог орчуулах, улсын бүртгэгч заавал эрхзүйч мэргэжилтэй байна гэсэн заалтыг эргэн харах хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс улсын бүртгэлийн ангилал, цахим мэдээллийн сан, иргэдийн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёолол бэлтгэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулах санал гаргажээ. Түүнчлэн төслийн 5, 6, 10 дугаар зүйлийг нэгтгэн “Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх” гэсэн 5 дугаар зүйл болгох зэрэг саналыг гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Харин улсын бүртгэгч нь эрхзүйч мэргэжилтэй байна гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүд дэмжсэнгүй.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ