Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар ирэх сарын 07-нд зохион байгуулахаар товлоод байсан тус хорооны Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, "Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын хороодоос Бага хуралд намын анхан шатны үүрийн гишүүдийг оролцох боломжийг хангах шаардлага ирүүлсэн. Үүний дагуу өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Бага хурлын журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгээс боловсруулсан журмын төслийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид баталсны дараагаар Бага хурлын товыг дахин зарлах болно" гэлээ.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид Бага хурлын журмыг анх батлахдаа нийслэлийн анхан шатны хороодоос 300, квотоор 69 төлөөлөгч оролцуулахаар болжээ. Гэвч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн намын хороодоос МАН-ын дүрэмд Бага хуралд төлөөлөгчид квотоор оролцох тухай заалт байхгүй хэмээн үзэж, өнөөдөр эсэргүүцлийн суулт зарлаад байсан юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Бага хурлын журмыг өөрчлөхөөр болсон тул эсэргүүцлийн суултыг зогсоолоо.
Ч.Ариунболд