“Хүүхдээ сонсъё” уулзалтыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:30:55

Хүүхдүүдийн амьдрах, сурах орчин ямар байгааг, тэд юуг хүсэж, мөрөөдөж буйг, томчуудад ойлгуулах ямар асуудал байгааг өөрсдөөс нь сонсож, мэдэж авах зорилгоор Сэлэнгэ аймгийн засаг дарга өөрийн санаачилгаар “Хүүхдээ сонсъё” уулзалт, ярилцлагыг 11-р сарын 30-ны өдөр  зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон уг уулзалтанд аймгийн төв Сүхбаатар хотын ерөнхий боловсролын  6 сургууль, МСҮТ-ийн сурагчдын төлөөллүүд оролцсон юм. Анх удаа ингэж өргөн бүрэлдэхүүнээр хүүхдүүдийг хүлээн авч, тэдний дуу хоолой, хүсэл мөрөөдлийг цаг зав гарган өөрийн биеэр сонсож, биечлэн уулзсан аймгийн Засаг дарга, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүндээ хүүхдүүд баярлаж байгаагаа нэн түрүүн илэрхийллээ.

Хүүхдүүд сургуулийн орчин тохитой дулаан байх, гэр, сургуулийн хооронд явах зам аюулгүй, хүүхэд айдасгүй байх, бие биеэ дэмждэг, тусалдаг, багш нар хүүхдүүдийг ялгаварлахгүй, нууцыг хадгалдаг, сурч, хөгжих дугуйлан секцүүд хүртээмжтэй байх, хүүхэд хөгжлийн цогц ордонтой болох, шийдвэр гаргахдаа томчууд хүүхдийн санал бодлыг тусгадаг болох, хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг дэмждэг байх, хүүхдүүд урлаг, спорт, хичээлүүдийн олимпиад уралдаан тэмцээнд оролцоход байнга санхүүгийн дутагдалд орж байдаг, үүнийг дэмждэг байх, өвлийн улиралд сургууль тарах, өглөө явах үед гудамж талбайг байнга гэрэлтүүлэгтэй болгох, гэр бүлийн болоод ямар нэгэнт дарамт хүчирхийлэлгүй амьдрах зэрэгт томчуудын тусламж хэрэгтэй байгааг санал болгон хэлж байв.

Аймгийн дарга хүүхдүүддээ баярласанаа илэрхийлээд санал бүрт нэг бүрчлэн хариу өглөө. Хүүхэд гэдэг ертөнцийг томчууд тэр бүр нарийн ойлгодоггүй. Иймээс хүүхдүүдээ ойлгож, санал бодлыг нь сонсохын тулд, тулгамдаж буй асуудлуудыг цаг бүрт нь шийдвэрлэж байхын тул уулзалтаа ойрхон, улам өргөжүүлэн зохион байгуулж байх болно гэж аймгийн дарга амлалаа. Хүүхдүүдийн тавьсан саналаас хөрөнгө мөнгөтэй холбоотой саналуудыг энэ удаа хойш тавьсан. Харин дотооддоо шийдвэрлэж болох хальтиргааг гулгаа, замын тэмдэглэгээ, орчны аюулгүй байдал зэрэг асуудлыг шууд шийдвэрлэх хариу өглөө.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ