МАХН-ын Их чуулган долдугаар сарын 07-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-28 16:41:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Их чуулганыг ирэх 7 дугаар сарын 07-нд хуралдуулахаар товлосон талаар өнөөдөр тус намын удирдлагууд мэдээлэл хийв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Манай намын дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх асуудлыг сүүлийн үед зарим гишүүд улс төржүүлж байна. Одоогоор МАХН-ын 2011 онд баталсан дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өчигдөр буюу энэ сарын 27-нд намын дүрмийн дагуу Бага чуулганаа зарлан хуралдууллаа. Энэхүү хуралд Бага чуулганы гишүүдийн 67 хувь оролцож, Их чуулганыг  7 дугаар  сарын 07-нд хуралдуулан намын даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэхээр болсон” гэлээ.

Мөн үеэр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Манай намд одоогоор ямар нэг дотоод маргаан байхгүй. Зөвхөн О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын цөөн хүмүүс намын дүрэм, Улс төрийн намын тухай хууль зөрчиж Их чуулган хуралдуулсан асуудал яригдаж байгаа. Энэ сарын 27-нд хуралдсан Бага чуулганд О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарыг оролцуулахаар урилга хүргүүлсэн ч ирээгүй” гэв.

Г.Ариунболор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ