Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулалтын тэргэнцэртэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-28 14:11:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх дүүрэг (БЗД)-ийн хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдэд зориулсан “Сайн найз” арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүд урлагийн тоглолт үзэж, дуу хуураар бялхан нэгэн өдрийг өнгөрөөв.

Арга хэмжээний үеэр “Хүүхдийн тэргэнцэр” ТББ-аас 5 тэргэнцэр, “Алт Болд” компаниас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зориулалтын ор, хөнжлийн даавуу, дэр, гарын бэлэг зэргийг хүүхдүүдэд бэлэглэв. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, ТББ-иуд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, бодит үр дүнд хүрсэн арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж буйг БЗД-ийн Сайн дурынхны төвийн зөвлөх Б.Цэвэлмаа онцлов.

Энэ үеэр тэргэнцэр бэлгэнд авч буй А.Ундралын ээж Б.Наранцацрал “Манай хүүхэд 13 настай. Төрөлхийн саажилттай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэргэнцэр олон улсад өндөр үнэтэй байдаг тул амжиргааны түвшин доогуур өрх худалдаж авч чаддаггүй. Манай хүүхдэд зориулалтын тэргэнцэр өгөх болсныг сонсоод их баярласан. Хоёр талаасаа тулгууртай учраас хүүхэд зөв суухад дэм өгч, нурууны хөгжилд гажиг үүсэхээс сэргийлдэг давуу талтай юм” гэлээ.

Мөн БЗД-ийн иргэн Г.Энхтүвшин “Хүү минь өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаадаа ихээхэн баяртай байна. Хүү маань 3 дугаар ангид сурдаг. Хичээлийнхээ хажуугаар шүлэг бичих, зураг зурах дуртай. Тиймээс хүүгээ сонирхлынх нь дагуу хөгжүүлж, хүсэл, зорилгодоо хүрэх хүртэл нь хамтдаа тэмцэнэ”

Монголын залуучуудын холбооны салбар байгууллагууд энэхүү үйл ажиллагааг өргөжүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буйг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй дурьдлаа.
 
Г.Ариунболор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ