Ч.Уранцэцэг:Хөгжил гэдгийг танхимд сургалтаар өгдөггүй юм байна гэдгийг туршлагаасаа олж харсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-22 23:11:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэгтэй ярилцлаа. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Чамд ч гэсэн ажлын амжилт хүсье.

-Саяхан “Гэр бүлийн үнэ цэнэ” нэртэй арга хэмжээг гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Энэ ажлынхаа талаар мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлэе?
-Манай байгууллага энэ онд гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудал руугаа анхаарлаа хандуулж ажиллана гэж зорилго тавьсан. Хөгжил гэдгийг сургалтаар юмуу танхимд өгдөггүй юм байна гэдгийг өнгөрсөн олон жилийн ажлын үр дүнгээс харж байгаа. Хэн, хаана хөгжих боломжтой байна, хэн, хаана идэвхтэй байна, хэн, хаана санаачлагатай оролцоотой байна тэр орчинд нь хөгжлийн асуудлыг ярих нь зүйтэй юм байна гэж бид харсан. Энэ утгаараа 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд орон нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор “Яргуй цэцэглэх цагаар хамтдаа хөгжие” гэдэг аяныг зохион байгууллаа. Урин дулаан цаг учраас хүмүүс алхах, бие бялдраа чийрэгжүүлэх зэрэг спортыг түлхүү сонирхож, санаж санаачилдаг юм байна. Ийм учраас төрийн байгууллагуудын дунд долоо хоног бүрийн пүрэв гаригт “Хамтын ажиллагаа амжилтын эхлэл” гэсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ нэг сарын хугацаанд бид дөрвөн байгууллагын 320 гаруй хүнтэй хамтарч ажилласан байна. Бид энэ хүмүүст гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ямар үйл ажиллагаа, ямар үйлчилгээ, ямар хөгжлийн асуудлыг танай гэр бүлд, танд хүргэх боломжтой юм бэ гэдгээ сурталчилсан. Дараагийн дугаарт, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай байгууллагын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ хөгжлийн төвийн хүмүүс маань залуучуудад долоон үйлчилгээг хүргэж байгаа. Энэ үйлчилгээний талаарх мэдээллийг өнөөдөр бид газар дээрээ ч юмуу ЗДТГ-ын хурлын зааланд хүмүүсээ уриад зохион байгуулахад нийт ажилтан, албан хаагчдын 5-10 хүн л ирдэг. Харин спортын арга хэмжээний үеэр хүмүүс их ирдэг учраас тэнд байгууллагаараа очдог. Яг тэр орчин, нөхцөлийг бид олж харсан учраас манай байгууллагаас сурталчилгаагаа хийгээд, эргээд хамтын ажиллагааныхаа хүрээнд мэдээлэл авсан хүмүүс маань байгууллага дээрээ захиалгат уулзалт, сургалтуудыг авдаг. Тэгэхээр нэг байгууллагын цаана тэдний гэр бүлийн олон хүн мэдээлэл сонсож чадаж байна гэж харж байгаа. Тэгээд сая “Яргуй цэцэглэх цагаар хамтдаа хөгжие” аяны хаалтыг 5-р сарын 15-нд хийж, “Гэр бүлийн үнэ цэнэ” арга хэмээг зохион байгуулсан. “Яргуй цэцэглэх цагаар хамтдаа хөгжие” нэг сарын хугацаанд хичнээн хүнтэй ажиллаж, сэтгэлзүйн болон гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна вэ гэдгээ дүгнэсэн. Гэтэл өмнөх гурван сард хийсэн ажлын тоон үзүүлэлтээс гурав дахин ихэссэн тоо гарлаа. Эндээс харахад, ерөөсөө л тэр орчинд нь очиж үйл ажиллагаагаа зохион байгуулбал илүү их хүртээмжтэй гэдэг нь харагдсан. Энэ нэг сарын аяны хүрээнд бид малчны хот, хорих анги гээд нийгмийн бүхий л орчинд очиж ажиллалаа. Ийм үйл ажиллагааг л хүндээ хүрсэн арга хэмжээ болдог юм байна гэж дүгнэсэн. 5-р сарын 15-нд “Гэр бүлийн үнэ цэнэ” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Гол ач холбогдол нь гэр бүл гэдэг нь нийгмийн анхдагч орчин учраас бид энэ хэсэг рүү анхаарлаа хандуулж ажиллах ёстой юм. Тэгэхгүй бид дан ганц хүүхдийнхээ асуудлыг яриад байдаг, гэрт нь нөгөөа суудал нь байдгаараа байгаа учраас эцэг эхэд нь харилцаа, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил хийх нь оновчтой юм гэж харсан. Анхдугаар зөвлөгөөнд Архангай аймгийн 27 мянган өрх, гэр бүлийн төлөөлөл 108 гэр бүлийн 250 гаруй хүнийг урьж оролцуулсан. Тэдэнд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн санхүү, өрхийн төсөв, гэр бүлийн боловсрол зэрэг чиглэлээр мэдээлэл өгсөн. Дараа нь энэ бүх асуудал дээр тулгамдаж байгаа зүйл нь юу юм гэдгийг тодорхой болгож, орон нутгийн бодлогын хүрээнд юу хийх вэ, төр захиргааны байгууллагууд юу хийх вэ, иргэд, гэр бүлүүд өөрсдөө юу хийж, анхаарлаа юунд хандуулах вэ гээд гурван түвшинд зөвлөмж гаргасан байгаа. Одоо хэрэгжилтээ хангаж ажиллах л үлдэж байна даа.

-Гэр бүл аз жаргалтай байвал тэр гэрт байгаа хүүхэд аз жаргалтай байдаг шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүлийг аз жаргалтай байлгахад хэн ямар оролцоотой байх ёстой юм бэ?
-Гэр бүлийн аз жаргал гэдэг бол эхнэр, нөхөр хоёр тэгээд хүүхэд байна. Одоогийн нөхцөлд бол гэр бүлийн гишүүд, төрөл, хэлбэр хүртэл янз янз болж байна л даа. Зарим нь өнөр гэр бүл буюу өвөө, эмээтэйгээ байдаг байхад, зарим нь гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдрагч хэлбэрээр байна. Гэр бүлийн аз жаргал гэдэгт тэр гэр бүлийн гишүүн бүрийн тэгш оролцоо л чухал. Тэрнээс аав их мөнгө олдог гээд аавын оролцоо их байна гэж ойлгож болохгүй. Эсвэл ээж гэртээ хүүхдээ хараад сууж байдаг учраас үүрэггүй гэж харж болохгүй. Тэр гэр бүлд байгаа бүх гишүүн үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхэд бүх талын хамтын оролцоо байж байж л гэр бүл аз жаргалтай байдаг гэж мэргэжлийн байгууллагын хувьд хэлж байна. Архангай аймгийн хувьд аавуудын оролцоо сул харагддаг. Яагаад гэхээр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд дандаа ээжүүд очиж байна. Манай байгууллагаас зарлаж байгаа янз бүрийн сургалт, уулзалтад эмэгтэйчүүд ирж байна. Тэгэхээр хүүхдийн асуудал гэдэг бол дан ганц гэр бүлд байгаа эхнэрүүдийн үүрэг биш юм. Энэ бол гэр бүлийг авч явж байгаа гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал юм. Манай байгууллагаас 8-р сарын 8-нд “Аавуудын өдөр”-ыг зохион байгуулна. Энэ өдөр аавууддаа чиглсэн арга хэмжээг явуулна.

-Таны ярианаас ямарваа нэг зүйлд эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа нь харагдлаа л даа. Харин аавууд яагаад нуугдаад, идэвхгүй байгаа юм бол оо? Шалтгааныг нь яаж харж байгаа вэ?
-Гэр бүлийн орчинд байгаа үйл ажиллагаанд гэр бүлийн гишүүдийн хэн нь хамгийн их оролцоотой байна вэ гээд судалгаа явуулсан.

-Хэдэн онд хийсэн судалгаа вэ?
-2017 оны 9-р сард хийсэн судалгаа. Энэ судалгаагаар харахад гэр бүл дэх хүүхэддээ анхаарал хандуулж байгааг харахад ээжүүд 57 хувьтай, аавууд 7 хувьтай байсан. Аавууд яагаад оролцдоггүй юм гэдгийг сайн талаас нь харж байгаа. Эр хүний ноён нуруу гаргаж жижиг, сажиг зүйлд оролцохгүй гэдэг ч юмуу, эсвэл хүүхдийнхээ асуудалд тусгайлан ордоггүй учраас хүүхдээ мэддэггүй. Энэ байдлаасаа болоод “эцэг эхийн хуралд суугаад ч би зарим юмыг нь ойлгохгүй. Чи яваад ирдээ” гэдэг хандлага байж болно. Нөгөө талаар манай ээжүүд хүүхдийнхээ асуудлыг “би өөрөө хариуцах ёстой” гэж ханддаг. Аавуудын аливаа асуудалд оролцохгүй байгаа асуудлыг бид буруутгах биш аавуудынхаа хандлагыг өөрчилж, хүүхдийнхээ асуудалд ээжтэй нь ижил тэгш оролцож байж л хүүхэд аз жаргалтай байх юм байна гэдэг нөлөөллийн ажил хийх нь чухал гэж харсан. Зарим асуудалд эрх мэдлийн зөрчилдөөнөөс болоод гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болж чадахгүй байгаа нь анзаарагддаг. Ялангуяа томоохон бизнес эрхэлдэг юмуу овоо хэдэн малтай хүмүүсийн хувьд “эд хөрөнгө миний юм” гэдэг утгаар харж, эхнэрүүдээ дорд үзсэн залуус байна. Тэд өөрсдийнхөө энэ эдийн засгийн оролцоо их байгаагаа үүрэг гэж харахгүй давуу тал гэж хардаг нь дутагдал юм. Үүнийг л хүмүүст ойлгуулж, хандлагыг өөрчлөх хэрэгцээ байна гэж харж байгаа.

-Таны саяын ярьсан хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг ямар сувгийг ашиглаж хийвэл зохистой бол?
-Манай байгууллагын хувьд аймгийн нийт 95 мянга орчим хүн рүү чиглэсэн бодлого явуулна. Байгууллагын бүтцийн хувьд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн 33.000 хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн нь 28.000 залуу, гэр бүл хариуцсан мэргэжилтэн нь 27.000 өрх гэр бүлийг хариуцан ажиллаж байна. Бидний хүрэлцээ, оролцоо хаанаа ч хүрэхгүй байгаа. Болж өгвөл анхан шатандаа гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан нэг ажилтантай бол тэр хүн тухайн сумандаа энэ чиглэлээрээ ажиллачихмаар байгаа юм.



Сумын Засаг дарга нь хүүхдийн зөвлөлийн тэргүүн, залуучуудын хөгжлийн ажлын хэсгийн ахлагч гээд тэднийг чадавхжуулах, нөгөө талаар хүүхдийн төвлөрөл нь сургууль учраас сургуулийн нийгмийн ажилтанг сургах, чадавхжуулах ажлуудыг хийдэг. Нөгөө талаараа эцэг, эх, хүүхэд рүү, төрийн байгууллагуудын ажилтнууд руу сургалтыг хийж байна. Нэг сургуулийн нийгмийн ажилтны цаана 1000 орчим хүүхэд байгаа гэж бодоход тэр хүн тэрлүүгээ хүрнэ гэсэн өнцгөөс харж ажиллаж байна. Бид 2018 онд залуучуудын 40 хувь, гэр бүлийн 40 хувьд, хүүхдийн 40 хувьд хүрч ажиллана гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар хорин хувьд нь хүрнэ гэсэн зорилттой байгаа. Ингэхийн тулд нэг хүний цаана заавал таван хүн байлгаж байж бидний зорилт биелэх учиртай.

-2016, 2017 оны гэр бүлийн салалтын тоог харахад өсөлттэй гарсан байсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс танай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэр бүл рүү чиглэсэн ажлууд хийнэ гэж байсан. Ямар хэмжээнд ажил явж байна вэ?


-2017 онд манайд шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан хүмүүс ирсэн байсан. Эндээс харахад гэр бүл болж байгаа хүмүүс гэр бүл болохдоо манай байгууллагат ханддаггүй, гэр бүлийн  тухай хуулиа мэддэггүй,гэр бүлээ цуцлуулах болохоор хуулиа уншаад манай байгууллага дээр ирдэг байгаа юм. Бид ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр гэр бүл болох гэж байгаа залуучуудыг гэр бүлд бэлтгэх арга хэмжээг хаана, хэнтэй хамтарч зохион байгуулбал үр дүнтэй вэ гэж санал солилцоод Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол зорилго бол залуу гэр бүл бүр гэрлэлтээ бүртгүүлэхдээ манай байгууллага дээр сертфикаттай сургалтад хамрагдаж, андгай өргөөд явна. Тэгэхээр УБХ-ээс энэ гэр бүл сургалтад хамрагдсан юм байна гээд бүртгэх юм. Эрдэнэбулган суманд байгаа залуус шууд манай байгууллага дээр ирж сургалтад хамрагдаж байгаа. Харин бусад сумуудад улсын бүртгэлийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэсэн. Тэд залуу хосоо сургалтад хамруулж, андгайг нь өргүүлээд бүртгээд явчихна. Бидний энэ ажлын гол зорилго нь ерөөсөө л гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх л гэж хийсэн. Тэд хуулиа мэддэг болно, тэгээд бие биедээ андгай өргөх учраас хэн хэндээ хариуцлагатай хандах байх гэж харж байгаа. 2018 он гарсаар эхний 5 сарын байдлаар шүүхийн шийдвэрээр хоёр гэр бүл салж, бидэнд хандсан байна. Энэ хоёр гэр бүл нь 2017 оны хоёр гэр бүл он гараад шийдвэрлэгдсэн юм билээ. Өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэр бүл салалт 24 хувиар өссөн байсан. Энэ тоон дээр л бид эмзэглээд байгаа юм. Ихэнхдээ залуу гэр бүлийн салалт их байна уу гэхээр тийм биш. 3-4 хүүхэдтэй гэр бүлүүд гэр бүлээ цуцлуулсан байгаа. 
   
-Гэр бүл салалтын гол шалтгаан нь юу байна вэ? Та бүхэн судалж үзсэн үү? 
-Гол шалтгаан нь архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, бие биеийгээ төдий болтлоо ойлгоогүй байдал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, эрх мэдлийн зөрчилтэй болчихсон байдал зэрэг нөлөөлж байна. Нөгөө талаар хадмуудын шахалт, хавчилт гэр бүлийн харилцаанд нөлөөлсөн байсан. Мөн үр хүүхдээ асарч хамгаалахдаа эцэг эхийн тэгш оролцоо байгаагүйгээс болж хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн байдал гэр бүл цуцлалтын шалтгаан болсон байсан. Одоо бол ихэнх гэр бүлийн аав, ээжүүд хүүхэддээ тавих анхаарал халамж суларсан байна. Яагаад гэхээр хүүхдээ сургуулийн орчинд оруулчихвал л тийм байх ёстой, цэцэрлэг дээрээ тэдэн цаг байна гээд орхичихдог. Тэрнээс хойшхи гэр бүлийн орчинд хэдэн цаг байна гэдгийг судалж мэддэггүй. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ юу хийх вэ гэдгээ мэддэггүй байдлууд хүүхдийн зан чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Бие биеийгээ ойлгохоо байчихаар л эцэг охин хоёр таарахаа болилоо, эсвэл ээж нь хүүгээ дийлэхгүй өгдөг газар нь өгье гээд манайд ирж байх жишээтэй. Тэгэхээр гэр бүлийн гишүүн бүрт “Би хэн бэ?”, “Ямар үүрэг хариуцлагатай вэ” гэдгийг л ойлгуулж, хандлагыг бий болгох шаардлагатай юм байна гэж үзэж байгаа.

-Таны ярьж байгаа шиг асуудалтай гэр бүлүүд танай байгууллагыг зорьж ирээд зөвлөгөө авах бүрэн боломжтой биздээ?
-Манай байгууллагын гэр бүлд үзүүлж байгаа үйлчилгээ бол гэр бүлийн зөвлөгөө, сургалт нөлөөллийн ажлууд. Тэгээд гэр бүлүүдээ чадавхжуулах мөн янз бүрийн уралдаан тэмцээн зохиож, яаж л хөгжих боломж байна тэр болгоныг хийж байна даа.

-Хүүхдийг гэр бүлийнх нь орчинд, сургуулийнх нь орчинд, нийгмийн орчинд сайн хүн болгож төлөвшүүлэхэд яаж ажиллавал үр дүнтэй байх бол?
-Төрийн байгууллагуудаас залуучууд, хүүхэд рүү ажилладаг нь манай байгууллага. Харин сургууль бүр дээр сурагчийн өөрөө удирдлагын зөвлөл ажиллаж байгаа. Энэ байгуулагуудаа бид түшдэг. Яагаад гэвэл хүүхэд хүүхэддээ сургагч байх нь илүү оновчтой юм. Бид хүүхдүүдээ зааж сургаад байхад нэг удаа сонсоод өнгөрнө. Дараа нь “өө нээрээ тийм” гээд сонирхож ойлгодог. Бие биедээ харилцааны, мэргэжил сонголтын, үерхэл нөхөрлөлийн чиглэлүүдээр сургалт мэдээлэл өгдөг. Манай аймагт “Өсвөрийн аврагч”, “Өсвөрийн эмч”, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн улаан загалмайч” гэх мэтчилэн найман хүүхдийн өөрөө удирдах байгууллага байна. Бид эднийгээ чадавхжуулж, аргазүйгээр хангаж ажилладаг. Өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа хүүхдүүдийг татан оролцуулж, хүүхэд хүүхэддээ нөлөөлөх ажлыг өргөжүүлж авч явна даа. 

-Танай байгууллагаас хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргуудыг зааж, олон сургалт мэдээллийг зохион байгуулж байсан. Энэ аргуудыг эцэг эхчүүд амьдралдаа хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг дүгнэж үзсэн үү?
-Хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцуулах нь манай байгууллагын 2018 оны ажлын бас нэг зорилт. Энэ ажлын хүрээнд үндэсний хэмжээнд манай аймаг 5 сургагч багш бэлтгэж авсан. Энэ таван багш аймагтаа ирээд нийт 78 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн. Энэ 78 хүн цаашдаа 5000 орчим хүнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргазүйг зааж сургах юм. Энэ оны эхний хагас жилд сургалтуудаа хийгээд дуусах шатандаа орж байна. Дараагийн хагас жилд энэ сургалтуудын үр дүн, хэрэгжилт ямар байна вэ гэдэг дээр хяналт тавьж ажиллана. Энэ ажил нь нэг өдрийн ажил биш л дээ. Эцэг эхчүүддээ ядаж нэг удаа, хоёр удаа дуулгая. Хүүхдээ өдөрт 2-3 удаа загнаж, муухай хардаг бол цөөлж нэг, хоёр болгох ийм хандлагыг суулгая л гэж ажлаа эхлүүлсэн. Хүүхдүүдэд ч гэсэн энэ өөрчлөлтийг мэдрэх боломжийг олгож байгаа. Бид ч эцэг эхийн хандлагууд өөрчлөгдөнө гэж харж байгаа. Үүний үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн тоо буурна гэж үзэж байгаа. 2018 оныг аймгийн Прокурорын газар манай байгууллага хоёр хамтран “Хүүхдийн эсрэг зөрчил, гэрт хэргийг бууруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд бид нар сургалт нөлөөллийн ажлуудаа илүү их хийснээр эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал халамж, хүүхдийнхээ эсрэг үйлдээд байгаа зөрчил, хүчирхийллийн тоо буурчихвал, үр дүн тэндээс л гарна гэж харж байна.

-“Буруу зүйл хийсэн хүүхэд заавал шийтгэл авах ёстой” гэсэн уламжлалт аргыг хэрэглэж, ханддаг эцэг эхчүүд байна л даа. Харин одоо бол санаатай ч бай, санаандгүй ч бай цохиод авбал хүчирхийлэл болчихоод байгаа шүү дээ. Энэ хоёр ойлголтыг ялгаж, салгаж ойлгуулах нөлөөллийн ажлыг сайн хийх хэрэгцээ байна гэж би хардаг?
-Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг бол хүүхдийг хүмүүжүүлнэ гэж хүчирхийлэх арга биш юм. Цохиж авахаас гадна үл хайхрах гэдэг байдал гарч ирсэн. Хүүхдийнхээ үсийг засуулахгүй, хиртэй ч юмуу уранхай, цоорсон хувцастай явуулах, хумсыг нь авч өгөөгүй гэдэг ч юмуу энэ байдлаас шууд харагдаж байгаа. Энэ нь зөрчлийн хуулиар хүртэл хүлээх хариуцлагатай болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ уламжлалт ч гэхүү энэ байдлыг халж эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлдэг болгох гээд л зориод байгаа юм. Одоогийн нийгэмд аав, ээж чанга дуугарч байж л хүүхэд сонсдог болчихсон байгаад байгаа. Эсвэл дураар нь авъя гэснийг аваад өгчихдөг. Энэ аргууд нь хүүхдийг эвдэж, буруу хүмүүжил рүү татаж байгаа явдал юм. Эцэг эхчүүд дараа нь өөрсдөө буруу үйлдэл хийсэн хүүхдээ хүчирхийллийн аргаар намжаагаад байгаа нь буруу юм. Насанд хүрэгчид маань өөрсдөө энэ аргаасаа салах хэрэгтэй. Тэгж байж хүүхдийн зөв хүмүүжлийн талаар ярих нь зүйтэй.

-Хүүхдүүд танай байгууллагад хэр хандаж, зөвлөгөө авдаг вэ?
-2018 он гарсаар эхний 5 сарын байдлаар 21 удаагийн дуудлагыг хүүхэд, иргэд өгсөн байна. Бид хөгжлийн талаар илүү их ярьж, хийж байгаа ч хамгааллын ажлууд давхар хийгдэж байгаа. Энэ хөгжил-хамгаалал хоёр нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Ямар хүүхэдтэй хөгжил ярих вэ гэхээр өөртөө тулгамдаж байгаа асуудлаа хэнд ч хэлж, илэрхийлж чаддаг, бусдыг сонсож чаддаг, цаашдаа яах вэ гэдгээ бие дааж шийдэж чаддаг хүүхдүүдтэй ярина. 108 утсанд ирж байгаа дуудлагаас харахад насанд хүрэгчид хүүхдийнхээ эсрэг зөрчил, хүчирхийллийг илүү их гаргадаг байгаа юм. Шалгаад явахаар хүүхэддээ тавих анхаарал халамж байхгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй, эцгүүд архи их уудаг, бас гэр бүлээрээ архины хамааралтай болсон зэрэг харагдаж байгаа. Мөн хүүхдүүд өөрсдийн биеэр ирж зөвлөгөө авч байгаа. Цаашид сургууль бүр дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн чиглэлээр мэдлэг бага учраас БСУГ-тай хамтраад тэднийг сэтгэлзүйн чиглэлээр мэргэшүүлэх ажлыг эхлүүлэхээр зөвшилцөж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хажуу хөрш айл хүчирхийллийн талаарх мэдээлэл өгдөг болсон шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тоон мэдээлэл өссөн байна гэж төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан? Орон нутагт ямар байгаа бол?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тоо буурсан байгаа. Харин гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн тоо өссөн. Яагаад гэхээр иргэн хүн гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг холбогдох хүмүүст нь өгөх үүрэгтэй болсон. Хэрвээ мэдээлээгүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг болсон шүү дээ. Өнгөрсөн 2017 онд 108 утсаар 17 дуудлага ирсэн байсан. Тэгэхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар 21 дуудлага авсан байгаа юм. Бид ч ингэж илэрч байгааг сайн байна гэж харж байгаа. Яагаад гэхээр бид эргээд хариу үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байгаа юм. Нөгөө талаар манай байгууллагаас “Гэрээр айлчлах хөтөлбөр”-ийг хэрэгжлүүлэх гээд боловсруулж, хэнийг гэрээр айлчлах зөвлөгч болгох вэ гээд шалгуураа гаргаад хүмүүсээ хайж байна. Гол нь хүнээ сайн мэддэг, хаана аав, ээж нь архи ууж байна, хаана хүчирхийлэл гарчих гээд байдаг, хаана ямар нэг асуудал байдаг вэ, мэдээллийг хэн сайн нууцалж чадах вэ гэдэг шалгуурууд гаргасан байгаа. Тэгээд энэ хүмүүс сумынхаа хамтарсан багт мэдээллээ өгч ажилладаг байх ийм хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг Төв аймаг хэрэгжүүлсэн юм билээ. Тэднийд очиж туршалага судалсан. Энэ ажлыг мэдлэгтэй байхаас илүү энэ ажилд сэтгэлтэй, мэдрэмжтэй хүн л хэрэгжүүлдэг гэж байсан. Бид бол эхний ээлжинд аймгийнхаа дөрвөн сумаас өрхүүдээ сонгож ажиллахаар төлөвлөсөн байгаа.

-Хүүхдийн дөрвөн төрлийн хүчирхийлэл байгаа. Тийм үү?
- Тийм. Бие махбодын, сэтгэл санааны, үл хайхрах, бэлгийн гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Орон нутаг бол үл хайхрах хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж байдаг. Дараа нь сэтгэл санааных байна. Бие, махбодын шийтгэлийн тохиолдол алга байна. Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл олон биш тоонд байна. Бид үүнийг зөрчил гэж харахгүй гэмт хэрэг гэж үзэж шууд цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Тэгээд тэндээ шийдвэрлэгддэг.

-Одоо залуучууд руугаа чиглэсэн яриа руу оръё. Он гарсаар байгууллагынхаа дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг нээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар залуус маань хэр үйлчлүүлсэн байна вэ?
-Энэ төв маань хуулиараа залуучуудад долоон чиглэлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Залуучуудын хөгжлийн төвөөрөө дамжуулж хуулиа сурталчлах нөлөөллийн ажлууд хийгээд эхэлчихсэн байна. Өнөөгийн залуучуудын сонирхож байгаа зүйл нь спорт, урлаг байна. Бид долоо хоног болгон залуучуудыгаа урьж оролцуулж байна. Мөн сар болгоны 25-нд “Залуусаа сонсох өдөр”-ийг зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 4-р сарын 25-нд боловсролын салбарын залуучуудын дунд “сонсох” арга хэмжээг байгууллага бүрээс тав, таван хүн авч үйл ажиллагаагаа сурталчилсан. Мөн боловсролын залуучуудын дунд сайн дурын ямар ямар клуб байгуулж, хамтарч ажиллаж чадах вэ? Тэдний ямар үйл ажиллагаанд ямар дэмжлэг үзүүлэх боломж байна гэдгийг судалсан. Олон ч санаа гарч байсан. Жишээ нь ахмад, залуу багш нарын уулзалтыг зохион байгуулж өгөөч гэж байсан. Мөн тулгамдаж байгаа асуудлуудыг БСУГ-т клубээрээ дамжуулж хэлж, сонсгож байх нь чухал байна гэдгийг ярилцсан. Дараа нь бид эрүүл мэндийн салбарынхантай уулзана гээд төлөвлөсөн байна. Залуучуудын байгууллагуудтай хамтарч ажиллая гэхээр ямар нэг улс төрийн нам дагасан залуучууд улс төрийн амбицаар ажиллах гээд байдаг байна. Бид төрийн байгууллага учраас улс төрийн намуудаас хараат байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас залуучуудаа салбар салбараар  авч уулзалт хийвэл зохимжтой юм гэж харсан байгаа.



-Залуучууд гэж хэдэн насны хүмүүс вэ?
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд “...15-34 насны хүнийг залуу хүн гэнэ” гэсэн байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд залуучуудын эгнээнд орчихоод байгаа. Манай байгууллага хүүхдийг төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл нь хариуцаж ажилладаг байсан. Одоо бол бүхий л цаг үед нь хамт байх болчихоод байна. Бид залуучууддаа мэргэжлээ хэрхэн сонгох, ханиа хэрхэн сонгох вэ, амьдрах урлагт хэрхэн суралцах вэ гэх мэт нөлөөллийн ажлыг хийж байна даа. Амьдрах урлагт суралцана гэдэг чинь хүнтэй зөв мэндлэхээс эхлээд хүнтэй харилцах харилцаа, өөртөө итгэлтэй байх, шударга байх, хариуцлагатай байх, бэлгийн амьдралын соёлтой харилцааны талаар хүртэл сургалт мэдээлэл өгч ажиллаж байна. Дараагийн дугаарт залуучуудыгаа хөдөлмөр эрхлэлтэд зуучлах ажил хийж байна. Мөн залуучуудын санал санаачлагыг сонсоод өөрсдөд нь ямар зүйл тулгамдаад байгаа вэ гэдгийг гаргаж ирээд аймаг орон нутгийн зүгээс бодлогын түвшинд яаж шийдвэл болохоор байна вэ гэдгийг уламжлах чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Танай байгууллагаас хүүхэд, залуучууд, гэр бүл рүү чиглэсэн олон сургалт нөлөөллийн ажлууд хийсэн байна л даа. Үр дүнг яаж харж байгаа вэ?
-Хүний мэдлэг, хандлага хоёр зэрэгцээд явж байна л даа. Хандлагыг үнэлэхэд хэцүү шүү дээ.  Харин мэдлэг, чадвар хоёрыг үнэлж болно. Ямар нэг зохиомол тест, бэлтгэсэн материалаар авчихна. Хандлага гэдэг чинь тухайн хүний өөрчлөлтийг хэлж байгаа юм шүү дээ. Хандлагыг юугаар үнэлэх вэ? Хэцүү. Тийм учраас бид гэр бүл, залуучуудын эсрэг хүчирхийлэл, зөрчлийн тоо буурснаар л харж байгаа. Тэгэхээр манай ажил их хэцүү үнэлэгддэг байгаа биз /инээв/. Нэг, хоёр хүний алдсанаас болоод тоо өсчихнө. Ийм асуудал гаргахгүйн тулд бид бүх сум, багтаа хүрч ажиллах шаардлагатай болж байгаа юм.

-Аймгийн нийт хүн амд хүрч ажиллахад танай байгуулагын хүн хүч хүрэлцдэггүй байх шүү?
-Тийм шүү. Ердөө л зургаан мэргэжилтэнтэй байгууллага шүү дээ. Дарга, цэрэг, нягтлан, нярав гэлтгүй бүгдээрээ ажиллаж байж манай байгууллагын үйл ажиллагаа явж байгаадаа. Сүүлд залуучуудын хөгжлийн төв дээрээ гурван залуу нэмж авсан.

-Орон тоо нэмэгдэх боломж хэр байдаг юм бол. Та судалж үзсэн үү?
-Гэр бүлийн тухай хуулинд сум бүрт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллана гэж заагдахаар явж байгаа. Энэ онд энэ хуулиа батлагдана гэж харж байна. Орон нутгийн хувьд энэ оны дөрөвдүгээр сард “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэ хөтөлбөрт суманд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ажилтантай байна гэж оруулсан. Ирэх 2019 оноос сумандаа “хөлтэй” болох байха аа.

-За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Хүүхэд, залуучууд, гэр бүлийн минь асуудал гэрэл гэгээтэй бай болтугай гэж ерөөе.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ