Химийн улсын олимпиадад түрүүлсэн сурагч МУИС-ийн урилга гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-21 12:22:33
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 19-20-нд Орхон аймагт болсон “Химийн 29 дүгээр улсын олимпиад”-ын тэргүүн байранд тус аймгийн Технологийн сургуулийн лицейн 12 дугаар ангийн сурагч С.Сувданчимэг тэргүүн байрад орлоо. Тэрээр “Олон улсын химийн 49 дүгээр олимпиад”-ын хүрэл медальтай юм. Тэмцээний ялагч С.Сувданчимэг МУИС-д элсэн суралцах урилга болон төлбөрийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уг олимпиадад 21 аймгийн 34 багш, 12 дугаар ангийн 34 сурагч химийн онол, бодлого, сорил, туршлага гэсэн дөрвөн чиглэлд өрсөлджээ. Олимпиадын зорилго нь шинэ зууны өндөр мэдлэгтэй химич, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байгаа ажээ.  
Уг олимпиад Орхон аймагт хоёр дахь удаагаа болж байна. Өмнө нь 1999 онд Баян-Өндөр цогцолбор сургууль дээр болж байжээ. Энэ удаагийн тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, БСУГ, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, “Ачит-Ихт” ХХК хамтран зохион байгууллаа. Багш нараас Улаанбаатар хотын “Шинэ эхлэл” сургуулийн багш н.Энхбат тэргүүн байранд орсон юм. Тэмцээний шагналыг өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Оюу танхим”-д гардууллаа.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ