2018 оныг “Жуулчны жил” болгож буйгаа албан ёсоор зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-05-10 15:07:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Шангри-Ла” зочид буудлын “Нью-Йорк” танхимд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо /МАЖХ/-ноос 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын ажиллагаа болов.

Энэ үеэр БОАЖЯ, МАЖХ, Монголын Кулинарын холбоо нийгэмлэг хооронд жуулчдад үйлчлэх үйлчилгээний стандартыг хэвшүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд “Ногоон эко аялал жуулчлал” бий болгох, аялал жуулчлалын салбарт  үйл ажиллагаа явуулж буй ресторан зоогийн газар болон жуулчны баазуудын үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах замаар бизнесийн таатай, эрүүл орчин бүрдүүлэх, чанарын зэрэглэл, стандартыг шинэчлэх, дунд, урт хугацааны хөтөлбөрүүд батлах, зочид буудал, гэр бааз, зочны тусгай байр /Guest house/, үйлчилгээний бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хоолны газруудыг ангилах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.



Мөн байгалийн аялагч нарт үзүүлэх үйлчилгээний тодорхой заалт журмыг батлах, үйлчилгээний ажилчдын сургалт, ажлын хувцасны онцлог, таних тэмдэг лого, туг дарцагийг хэрхэн ашиглах сургалтууд зохион байгуулна. Дэлхийн өндөр зэрэглэлийн зочид буудлын сүлжээнд  өөрийн орны зочид буудал, гэр баазыг оруулах стандарт хангуулах, дархан цаазат болон түүхийн дурсгалт газар орчмоор аялж түр буудаллах, аялах үйлчилгээний татвар хураамжийг тодорхойлж мөрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-аас гаргасан судалгаагаар Ази Номхон далайн улс орнуудад өнгөрсөн жил 209 сая жуулчин зорьсон бол энэ тоо 2026 онд 539 сая болж хоёр дахин нэмэгдэнэ гэжээ. Манай улсад сүүлийн 10 жилд дунджаар 475 мянган жуулчин ирж байна. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нийтийн хоолны салбар хамгийн чухал нөлөөтэй гэж үздэг.



Иймд олон улсын “Мишлин од”-ын хэмжээнд хүргэхийн тулд Дэлхийн тогооч нарын нийгэмлэгийн стандартын дагуу 200 гаруй стандартаар аудит хийж, Монголын Кулинарын холбоо нийгэмлэг, “Кулинарын од”-той тогоочийг бий болгож байна.

Цаашдаа НҮБ-ын дэргэдэх ДАЖБ-аас баталсан стандартыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн эрүүл, аюулгүй, хүнсний сүлжээг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологид тулгуурлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц үйлчилгээ үзүүлэх, үндэсний уламжлалт хоол, ундааг брэнд болгон дэлхийд сурталчлах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчилсан хоол, хүнсний амталгааны  үзэсгэлэн яармаг энэхүү Нью-Йорк танхимд боллоо. Үзэсгэлэн яармагт Чойжин temple, Namaste, Bluefin, Adventure Temple, SEKITEI, Ruby Room, Mongolians Restaurant, IBIS, Shangrils Hotel’s, Out of nowhere LLC, Monetrestaurant, wooden house, Номадс сүлжээ ресторан, Нууц товчоо, Чингисийн хүрээ, зэрэг байгууллагууд өөрийн нэрийн хоол, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ