Эрдоган огцроход бэлэн гэдгээ мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-01 12:32:43

АНКАРА. /TASS/. Турк улс олон улсын террорист “Лалын улс” бүлэглэлээс нефть худалдаж авсан нь нотлогдвол албан тушаалаасаа огцроход бэлэн гэдгээ тус улсын  Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.

"Хэрэв Турк “Лалын улс” бүлэглэлээс нефть худалдан авдаг нь нотлогдвол албан тушаалаасаа шууд огцорно гэдгийг ил тодоор хэлье. Харин ноён Путинаас албан тушаалаа хадгалж үлдэх үү гэж асуумаар байна” гэж Эрдоган Парис хотод мэдэгдсэн байна. Тэрбээр “Лалын улс”-ын хяналтад байгаа Сирийн бүс нутгаас туркууд хууль бусаар нефть худалдаж авдаг гэж Оросын удирдлагууд мэдэгдсэний хариуд ингэж мэдэгджээ. 

Эрдоган мөн Турк улс зөвхөн хуулийн дагуу нефть худалдан авдаг гэдгийг хэлсэн байна

“Манай улсад нефть нийлүүлдэг орнуудыг бүгд мэднэ. Харин “Лалын улс”-аас нефть худалдан авч байгаа хүмүүс бол Орос, Сирийн иргэд гэж АНУ-ын Сангийн яам мэдээлсэн. Эхлээд үүнд хариу өгөг ” гэж тэрбээр хэлсэн байна.

Турк руу хууль бусаар нефть нийлүүлдэг замыг аюулгүй болгохын тулд Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн гэж ОХУ үзэж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ