Өнөөдөр Монголын хүүхдийн байгууллагын 93 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-05-08 08:55:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөнө. Мөн энэ түүхт ойн хүрээнд хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх бол, “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо тогтоосон 1921 оны ардын хувьсгалын дараахан буюу 1925 онд хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй билээ. Шинэ үеийн зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж энэ байгууллагын анхны удирдагч байсан бөгөөд  “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулж улс орныхоо хөгжлийн төлөө эв саналаа нэгтгэн ажиллаж ирсэн түүхэн замнал бий.

Монголын хүүхдийн байгууллагын хөгжлийн түүхэн үе, шатуудыг сонирхуулахад, 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо, 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл, 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар, 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж байгаа нэр хүндтэй байгууллага юм. 

                                                                                                                                                                    Д.Өлзий                                
Холбоотой мэдээ