Путин, Обама хоёрын уулзалт бүтэн хагас гаруй цаг үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-01 09:49:54

ЛЕ БУРЖЕ. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нарын Францын нийслэл Парис хотод болж буй Уур амьсгалын бага хурлын үеэр хийсэн уулзалт дуусчээ.

Хоёр орны удирдагчид бүтэн хагас цаг гаруй ярилцсан байна. Уулзалтыг хаалттай хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын төрийн тэргүүнтэй уулзахдаа Сирийн удирдагч Башар Асад огцрох нь тус улсад хийх улс төрийн шилжилтийн нэг хэсэг болох ёстой гэж мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлсэн байна.

“Сирид хийх улс төрийн шилжилтийн хүрээнд Асад албан тушаалаасаа огцрох ёстой гэж Обама Путинд хэлсэн” гэж Цагаан ордны төлөөлөгч хэлжээ.

Түүний хэлснээр, Украины хямралыг дипломат арга замаар шийдэх нь чухал болохыг Обама цохон тэмдэглээд, Москва Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлбэл Орост авсан хоригоо цуцлах  Вашингтоны байр суурийг дахин илэрхийлсэн байна.

Америкийн удирдагч мөн Сирид Асадын эсрэг тэмцэж байгаа босогчдод бус, харин “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд цохилт өгөх нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Бүтэн хагас цаг гаруй уулзахдаа хоёр орны удирдагчид Гадаад хэргийн сайд нарынх нь хийж буй Сирийн хямралыг зохицуулах дипломат үйл явцыг боловсруулах ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Өндөр түвшинд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын бага хурал Парис хотноо  даваа гарагт эхэлсэн билээ. Уг бага хуралд дэлхийн 150 орчим орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ