Өнө эртний түүх өгүүлэх үндэсний бичиг үсэг

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-05-02 16:54:28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр - 2018” арга хэмжээ энэ сарын 01-06-ны өдрүүдэд улсын хэмжээнд болж буй билээ.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд,  уншигч, эрдэмтэдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд  хамтран өргөнөөр зохион байгуулж эхэлсэн байна.

Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байгаа нь өнө эртний түүхээ танин мэдэх, цаашид үндэсний соёл, уламжлалаа хадгалж үлдэхэд томоохон ач холбогдолтой юм.



Үүний нэг нь “Бичиг соёл” уламжлалт үзэсгэлэн гэдгийг уншигчид андахгүй мэднэ. “Монголын урчуудын эвлэл”, “Монголын уран бичлэгийн холбоо”,  хамтран зохион байгуулдаг "Бичиг соёл-2018" үзэсгэлэн уран зургийн галлерейд нээлтээ хийгээд удаагүй байна. Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, монгол уран бичээчдийн бүтээлийг олон нийтэд толилуулах зорилготой уг үзэсгэлэнг жил бүр дэлгэдэг бөгөөд энэ удаагийнх найм дахь нь болж үзэгчдэдээ хүрлээ. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн "Бичиг соёл-2016" үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болох ажээ.

МОНДРИАНТАЙ ХАМТ ТҮҮХ СӨХВӨЛ...

Монголын Их Эзэнт Гүрэн мөхсөний дараах хоёр зуун жилд Монголчуудын дунд уран зохиол, орчуулгын ажил тасралтгүй үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл  хуудаснуудын боодол гэрчилдэг. Тэгвэл үүнд үндэстэн мөхсөн гэдэг тодорхойлолт огт зохихгүй. Учир улс гүрний оршин тогтнохуйн үндэс нь хэл байдаг. Өөрсдийн гэсэн үндэсний бичиг, хэл соёл, уламжлалт амьдралын хэв маягийг томьёолох зүйлгүйгээр тухайн улс тусгаар байж чаддаггүйг өнгөрсөн түүхийн олон жишээ бэлхнээ батлан харуулдаг.



Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн байдаг. Ийнхүү Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол  бичгийг Төрийн бичиг болгож  мянган жилийн тэртээгээс өдгөөг хүртэл  өртөөлөн  ирсэн түүх бидэнд буй.

Өнөөдөр хүн төрөлхтнийг хэл соёлгүйгээр төсөөлөх юм бол уран зөгнөлт зохиолуудад гардаг шиг механик оршихуй л бүрэлдэнэ. Тиймээс дэлхий хэмээх асар том соёлын бөмбөрцөгт монголын хэл соёл, үндэсний уламжлалын орон ямагт тод өнгөөр тэмдэглэгдэн зурайж байсан бөгөөд өдгөө үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний ул мөр нь хадны сүг зураг. Түүнээс хойш юу бүтээж, хэрхэн аж төрж, соёлын ахуйг бүтээж, улс гүрэн оршин тогтнож ирснийг судар бичгийн хуудас, бичиг үсэг л хүүрнэн өгүүлж чадах билээ. Үүнийг “Бичиг соёл -2016” үзэсгэлэн тод харуулж байсан



Ирж буй шинэ улирлын гэгээ шинэ алхмаар дүүрэн байх шиг санагддаг. Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс хамгийн их анхаарал татсан зураг бол залуу уран бүтээлч Т.Цолмонгийн “Цаасан шувууны үлгэр” бүтээл юм. Тэрээр абстракт бүтээлүүдээрээ алдартай, геометрын тод дүрс, өнгөний “тоглолт”-оороо шагшигдсан Голландын нэрт зураач Пит Мондрианы зохиомжийн хэв маягийг сонгон “Цаасан шувууны үлгэр” бүтээлээ туурвиж байсан. Харин “Бичиг соёл -2018”-аас бид юуг мэдэрч, юуг ажиглав. Асуултын хариулт доорх дэд гарчигнаас эхлэн танд үүд хаалгаа нээх болно.

ИРЖ БУЙ ЗУНЫ ӨДРҮҮД БА ЧУХАЛЧЛАХ ЁСТОЙ СЭДЭВ

Улирал бүхэн шинэ сэргэг уур амьсгалаар дүүрэн байдаг. Манай монголын хувьд энэхүү улирлын өөрчлөлт уран бүтээлчдийн бүтээл туурвилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг билээ. Тэгвэл “Бичиг соёл -2018” үзэсгэлэнд тавигдсан зураачдын ихэнх бүтээл өв уламжлалын түүхэн сэдвийг хадгалжээ. Үндэсний бичиг үсгийн баяраар дэлгэгдсэн тус үзэсгэлэнд оролцогчдын голлох сэдэв нь уламжлалт ахуй, эзэн Чингис хаанаас улбаатай түүх байв.

Мөнхүү сонгодог зохиолчдын уран бүтээлийг арван жилийн сургуулийн хүүхдүүд уран бичлэгээр үг үсгийн алдаагүй, цэвэр бичиж, бийрийн татлагын ураа дэлгэн үзүүлжээ. Үүнээс үзэхэд залуу хүүхдүүд босоо бичгийнхээ нууцад нэвтэрч, эрдэм чадлыг нь бишрэх сэтгэл төрж буй нь бахархууштай зүйл юм.



Өнөөдөр монгол хэлийг балран доройтож сүйрэн мөхөхийн даваан дээр байгаа тухай цахим орчноор хэлэлцэж, хурал цуглаан дээр шүүмжлэх болсон. Тэдний аман дээр “Хайран ч монгол хэл минь, гайхамшигт монгол бичиг минь” хэмээн халагласан үгс цаг мөч тутамд гарч ирнэ. Харин нөгөө талд нь энэ тухай огтхон ч боддоггүй бас нэг хэсэг буй. Гэтэл энэ хоёрын дунд бас ярилгүйгээр, шүүмжлэлгүйгээр уран бүтээлээ туурвиж, үндэстний бусдаас хараат оршихуйн бэлгэдэл болсон үсэг бичигээ хөгжүүлэгч олон бүтээлчид буйг “Бичиг соёл - 2018” үзэсгэлэнгээс олж харах нь хамгийн чухал. Мянганаас цааш яригдах түүхтэй бичиг соёлын их өвөөр бахархахгүй байхын аргагүй.

Өвөг дээдсийн минь олон улс оронтой харилцаж, дэлхийн хувь заяаг шийдэлцэж байсан захидал, харилцаа хийгээд хэр хүчирхэг улс гүрэн байсныг илтгэн харуулах зарлигийн бичээс, тамганы дардас, чулуун хуудаст номууд, сургаалт үгсийг уран сайхны аргаар үзэгчдэд хүргэсэн нь уран зургийн галлерейн тамхинд нээгдсэн энэ үзэсгэлэнгийн гол онцлог.

Гэтэл орчин үеийн хэлний асуудлын талаар ярихад Монгол хэл маань мөхөх аюулаас хол буйд итгэлтэй байна. Учир нь гадаадын жуулчид манай орныг сонирхож хэлийг маань сурсаар байна. Дээр нь гурав сая гаруй иргэд өөрсдийн хэлээр ярьж буй. Дээрх үзэсгэлэн, урчуудын бүтээл ч энэ бүхнийг давхар батлан харуулна. Харин суурьшмал аж төрөхүйн хэв маягт шилжсэнээс хойш харь хэлний түрэмгийлэлд өртсөн нь тодорхой ажиглагддаг.



Жишээ нь англи хэлний төвшин тогтоох “TOEFL” шиг шалгалт улс гүрэнд байдаг. Их Британи улсад “IELTS” /International English Language Testing System/ , Хятадад “HSK” /Hanyu Shuiping Kaoshi/, Орост “ТРКИ” /Тест по русскому языку как иностранному/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Харин манайд сурагчдын их дээд сургуульд элсэх шалгалтын ЭЕШ –аас өөр зүйл алга. Тиймээс бид ч бас орчин цагийн хэлний стандартын жишгийг дагаж монгол хэлний төвшин тогтоох иймэрхүү олон улсын хэмжээний шалгалттай болох нь зүйн хэрэг гэж бодном.

Ямартаа ч “Монголын нууц товчоо”-ний шарласан хуудас эргүүлэн орчуулах бичгийн мэргэд, “Шувуун саарал”-аа унаад өвсөн толгой бөхөлзүүлэн хатируулж яваа зураг, араг үүрсэн ээжийн бараа, тэртээ зуунаас уухайн дуу нь сонсогдох баатруудын дуу хоолой, эртнээс эдүгээ хүртлэх сэтгэл уяраам бүхий л түүх үзэсгэлэнгийн танхимд цогцлон бүтжээ. Гол үзэгчид үндэсний босоо бичгийн уран сайхны хэлийг ойлгож мэдрэх, бүтээлчдийн сэтгэлгээний гол онцлогыг таньж мэдэх нь хамгийн чухал билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр
 
 

Холбоотой мэдээ