Баян-Өлгийд ноолуурын ханш 70 мянган төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-22 14:50:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар ноолуурын ханш 70 мянган төгрөг байгаа бөгөөд сүүлийн хэдэн сарын турш ханш тогтвортой хадгалагдаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өндөр үзүүлэлт аж.

Ханшны талаар аймгийн төвийн "Тирлик" захад үйл ажиллагаа явуулдаг ноолуурын ченж М.Ертайтай холбогдож зарим зүйлийг тодруулахад: "Энэ жил үнэ тогтвортой байна хэмээн таамаглаж байгаа. Буурлаа гэхэд 60-65 мянган төгрөг орчимд тогтох байх. Ноолуурын ханш одоогоор хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгуудад 75 мянга, Улаанбаатар хотод 100 мянган төгрөг орчимд байна. Тус аймагт ханш доогуур байгаа шалтгаан нь ноолуурын чанартай холбоотой. Учир нь манай аймгийн ямааны ноолуурын гарц ихтэй ч бүдүүн ширхэгтэй байдаг" гэв.

Баян-Өлгий аймаг нь 960 мянга гаруй ямаатай юм. Сүргийн 20 хувийг нутгийн ямаа, 4,7 хувийг уулын бор ямаа, 75,2 хувийг уулын борын эрлийз ямаа эзэлдэг ажээ. Орон нутгийн цаг агаар, газар зүйн онцлогоос хамааран тавдугаар сарын 1-нээс ноолуур гарч эхэлдэг ба малчид жилд дунджаар 350-400 мянган орчим тонн ноолуур тушаадаг байна.   

Ө.Нурболат 


Холбоотой мэдээ