Гашуунсухайт боомтоор өчигдөр 1124 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-04-20 17:36:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймаг дахь айчлал, томилолтын үеэр хийсэн яриа хэлэлцээний дүнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлт эрс нэмэгдээд байна.

Тодруулбал тус боомтоор өчигдөр нийт 1124 тээврийн хэрэгсэл гарсны 1012 нь нүүрс, үлдсэн нь баяжмал ачсан байжээ. Компани, аж ахуй нэгжээр нь ангилвал "Эрдэнэс Таван Толгой" компанийн 780, "Энержи Ресурс" компанийн 191, "Таван Толгой" ХК-ийн 41, "Оюутолгой" компанийн баяжмал ачсан 112 тээврийн хэрэгсэл тус тус гарсан байна. Харин нүүрс буулгасан 835, баяжмал буулгасан 96, нийт 931 тээвриййн хэрэгсэл хилээр орж иржээ. 

Өнгөрсөн 10 орчим сарын хугацаанд дунджаар 500-700 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан уг боомтын эргэлт ийн нэмэгдсэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудтай үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэнтэй холбоотой юм. Яриа хэлэлцээний дүнд айлчлалын дараа БНХАУ-ын тал нэвтрэх гарцыг хоёр байсныг гурав болгон нэмэгдүүлснээр тээврийн хэрэгслийн тоо 20 орчим хувь өсөх болсон.  
Н.Туяа
Холбоотой мэдээ