МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой мөнгө угаах гэмт хэрэг шүүхээр шийдэгдэж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 15:30:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ хууль нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой, үүнд холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэгдэж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд мөнгө угаах төрлийн хоёр гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэсэн байдаг ч амьдрал дээр энэ төрлийн гэмт хэрэг маш олон үйлдэгддэг. Түүнчлэн АТГ, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг олон байгууллагууд хамтран шалгадаг учраас хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бусад улс оронтой хамтрах зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр тохиолдлыг шүүхээр хэлэлцэгдсэн гэсэн. Энэ нь ямар үр дүнд хүрсэн бэ. Түүнээс гадна Монгол Улс энэ төрлөөр ямар статустай байна вэ. Хар эсвэл саарал байна уу. Энэ хуулийг санаачлах шалтгаан нь юу байв" гэхэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Монгол Улс  мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх (ФАТФ) байгууллагын гишүүн орон. Өнгөрсөн оны 07 дугаар сард Шри-Ланк улсад болсон Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дугаар хуралд оролцсон. Олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад Улс  мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлсэн тоо бага байна. Энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй гэж үзсэн учраас жагсаалтын эрчимтэй хяналт гэсэн хэсэгт оруулаад байгаа. Түүнчлэн  Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын 40 дүгээр зөвлөмжинд нийцүүлэхийг зөвлөсөн гэж хариулав. Мөн тэрбээр,  Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудын шүүхээр шийтгүүлсэн хоёр тохиолдол байгаа" гэсэн юм. Харин терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газрын ажилтан хэлж байв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Энэ хууль батлах зайлшгүй шаардлага байгаа ч хуулийн зарим заалтуудын үг хэллэг, найруулга дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед Европ руу зарим төрлийн банкны гүйлгээ хийгдэхгүй нөхцөл байдал үүссэн.  Энэ байдлаараа хүндэрвэл аж ахуй нэгж, иргэд нь гадаад руу гүйлгээ хийж чадахгүй байдалд хүрэх вий.  Арилжааны банкаар дамжин эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө орж ирэх болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг тогтоож чадахгүй байна гэсэн. Энэ талаар Монголбанк тодорхой тайлбар өгнө үү" гэхэд Ажлын хэсгээс "Банкны салбараар дамжих эх үүсвэр нь тодорхой мөнгө орж ирдэг гэдэг. Тухай бүрт нь банкууд  эх үүсвэрийг нь холбогдох байгууллагатай хамтран гэмт хэргийн бус гэдгийг нь тодруулж, хяналт хийдэг" гэлээ.

Зарим гишүүдийн зүгээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан хууль батлах шаардлагагүй, хэрэв баталбал уг гэмт хэргүүд нь манай улсад байдаг хэмээн нотолж буй хэрэг болно. Энэ нь олон улсын нэр хүндэд халтай гэсэн байр суурь хэлж байсан бол Ажлын хэсгээс "Олон улсын шаардлагатай стандартад нийцүүлж урьдчилан сэргийлэх хууль батлах нь харин ч зайлшгүй шаардлага болоод байна. Хэрэв батлахгүй бол эсрэгээрээ олон улсын нэр хүндэд халтай" хэмээн тайлбарлаж байв.

Ингээд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж эхэлснээр чуулганы хуралдаан түр завсарлав.

Хуралдаан үдээс хойш 15.00 цагт эхэлнэ.
Н.Туяа

Холбоотой мэдээ