Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 14:26:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж баталлаа. 
 
Монгол Улсын Засгийн газраас  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн, үг хэллэгийн зарим найруулгын засварыг хийсэн байна.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх УИХ-лын гишүүн байгаагүй тул  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Н.Туяа
Холбоотой мэдээ